Цаг үеийн мэдээ

Apple компани iPhone гар утасныхаа шинэ цувралыг худалдаанд гаргасан ч Хятадын хэрэглэгчид төлөвлөж байснаас удаан хугацаанд хүлээхээс өөр аргагүй болжээ. Тус компанийн Хятад дахь үйлдвэр коронавирусийн хөл хорионы улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа гэдгийг мэдэгдсэн байна. Дэлхийн хамгийн том iPhone-ын Фоксконны үйлдвэрт энэ сарын 2-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ.

Тиймээс Хятадын Засгийн газрын хэрэгжүүлж буй тэг-ковид бодлогоос улбаатайгаар Apple-ын шинэ загварын гар утасны нийлүүлэлт дэлхийн хоёр дахь том зах зээлд хугацаанаасаа хойшилж, тасалдсан байна. Дэлхийн хамгийн том технологийн компанийн зүгээс цар тахлын үед ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахыг илүүд үзэж буйгаа мэдэгджээ. Мөн есдүгээр сард танилцуулсан iPhone 14 про болон iPhone 14 про макс загваруудын эрэлт маш их байгаа ч нийлүүлэлт тасалдсан тул хэрэглэгчдийг дахин хүлээлгэхээс өөр аргаүй болсныг тайлбарласан байна. 

Хятадын үйлдвэрт үүсээд буй нөхцөл байдал нь удахгүй цар тахлын хориогоо тавих байх гэсэн найдлага тавин хүлээж байсан хөрөнгө оруулагчдын урмыг хугаллаа. Цар тахлын хөл хорио цуцлагдах сургаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хятадын хөрөнгийн биржийн ханш огцом өсөлтийг харуулсан юм. 

Тус улсад ням гарагт ковидын халдварын 5,643 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн хагас жилд хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн явдал юм. Тэр дундаа Фоксконн үйлдвэр байрладаг Хеньан мужийн нийслэл Жэнжоу хотод хамгийн олон буюу 3,683 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас баржээ. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа