Балба улсын баруун хэсэгт өнөөдөр өглөө 5,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас багадаа таван хүн амь эрсдэж, мөн тооны хүн гэмтэж бэртжээ.
Газар хөдлөлтийн голомт хөрсний гүний 15,7 км-т, Доти дүүргийн Дипаал суурингаас 21 км-т бүртгэгдсэн гэж АНУ-ын газарзүйн судалгааны газраас мэдээлсэн байна. Газар хөдлөх үед нэг хүн сураггүй алга болсон тул эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ.
Цахим сүлжээнд нийтэлснээр газар хөдлөлт хүчтэй байснаас хөрш Энэтхэг улсын нийслэл Дели хотод чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт харьцангуй сийрэг оршин суугчтай бүс нутагт болсон тул хохирогчдын тоо дахин нэмэгдэхгүй гэж найдаж байгаа юм.
Одоогоос долоон жилийн өмнө 2015 онд Балба улсад 7,8 магнитудын хүчтэй газар хөдөлж, 9,000 орчим хүн амиа алдаж байжээ. Далайд гарцгүй тус улс Энэтхэг, Евро-Азийн тектоник хавтангуудын зааг дээр байрладаг тул газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг байна.
Эх сурвалж: CNN