Норвег улсын хаан тавдугаар Харалд болон хатан Соня нарын цорын ганц охин гүнж Марта Луиза уламжлалт бус анагаах ухааны салбарын үйл хэргээ үргэлжлүүлэн, хөгжүүлэхийн тулд хааны гэр бүлийн ивээлээс татгалзах болсноо албан ёсоор мэдэгджээ. Тэрээр өөрийгөө зөн билигтэн гэж итгэдэг бөгөөд зургаа дахь үеийн бөө зайран гэж олонд өөрийгөө зарласан Дюрек Верреттэй өнгөрөгч зун сүй тавьсан билээ.
Дюрек Веррет уламжлалт бус эмчилгээний онцгой аргаараа хорт хавдрыг ч эмчилж чадна хэмээн номдоо бичсэн нь Холливудад түүнийг багагүй нэр алдарт хүргэсэн юм. Мөн Нью-Йоркийн ихэр цамхгийг террористууд сөнөөх тухай хоёр жилийн өмнө урьдчилж харсан, ковидыг даван туулахад сүнсний эмчилгээгээр туслах тухай сурталчилж байжээ.
Марта Луиза хааны гэр бүлийн гишүүдийн эдэлдэг эрх мэдэл, ивээл тусламжаас татгалзсан ч хаан эцгийнхээ хүсэлтээр гүнжийн цол хэргэмээ хадгалж үлдэхээр шийдсэн байна. Энэ оны есдүгээр сард Норвегийн ард иргэдийн 13 хувь нь л түүнийг хааны гэр бүлийн гишүүний үүргээ гүйцэтгэх хэрэгтэй гэж дэмжжээ. Иргэдийн дэмжлэг бага байгаа нь гүнжийн баталгаа нотолгоогүйгээр эмчлэх арга барилтай холбоотой гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Энэ жил 51 настай гүнж Луиза 2002 онд Норвегийн зохиолч, уран бүтээлч Ари Бентэй гэрлэж гурван охин төрүүлжээ. Гэвч хос 2017 онд гэр бүлээ цуцлуулж, Ари Бен сэтгэл санаагаар унаж, улмаар 2019 онд зул сарын баярын өдөр амиа егүүтгэсэн юм. Гүнж 2019 онд инстаграм хуудсанд Дюрек Верреттэй дотно холбоо харилцаатай болсноо зарлаж байжээ.
Эх сурвалж: ВВС, The Guardian