Цаг үеийн мэдээ

АНУ-д мягмар гарагт болсон завсрын сонгуулийн дүн эцэслэн гараагүй байна. Одоогоор төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам 188, Бүгд Найрамдах нам 208 суудалтай явж байна. Төлөөлөгчдийн танхимд аль нэг нам дийлэнхийн суудал эзлэхийн тулд 218-аас дээш суудал авах ёстой.

Харин сенатын танхимд өрсөлдөөн эн тэнцүү явагдаж байна. Эх сурвалжуудийн мэдээлж байгаагаар Ардчилсан болон Бүгд Найрамдах нам одоогийн байдлаар тус бүр 48 суудалтай байна. Харин CNN агентлагийн мэдээнд Бүгд Найрамдах нам 49, Ардчилсан нам 48 суудал эзэлсэн гэж дурджээ. Сенатад олонхийн суудал эзлэхийн тулд намууд 50 болон түүнээс дээш суудалд ялах ёстой.

Хэрэв төлөөлөгчдийн танхимд улаанууд дийлэнхийн суудал эзэлбэл Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан төсөл хөтөлбөрт хориг тавьж магадгүй нөхцөл байдал үүснэ. Жо Байден Цагаан ордонд сонгуулийн талаар хийсэн мэдэгдэлдээ ардчилсан сонгууль амжилттай явагдаж байгааг сайшаан магтсан байна. Мөн одоогоор аль нам ялахыг тодорхой хэлэхэд хэтэрхий эрт байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Сенатын танхимын шийдвэр гарахад Аризона, Жеоржиа, Невада мужуудын санал ирэх дутуу байна. Тэр дундаа Жеоржиа мужид ирэх сарын 6-ны өдөр дахин сонгууль явагдах тул тэр болтол сенатын танхимд аль нам илүүрхэх нь тодорхойгүй байх юм.

Энэ жилийн сонгуулиас онцлох зүйл нь 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд Найрамдах намаас өрсөлдөж магадгүй хэмээн яригдаж буй Флорида мужийн захирагч Рон ДеСантис ил давуу ялалт байгуулж сенатад суудлаа хадгалж үлдсэн. Мөн үүнтэй зэрэгцэн Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөх тухайгаа мэдэгдэхээр зэхэж байгаа ажээ.

Эх сурвалж: ВВС, CNN

Таны сурталчилгаа