Цаг үеийн мэдээ

Афганистаны төрийн эрхийг авсан Талибаны зэвсэгт бүлэг Афганистан улсын нийслэл Кабул хотын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд эмэгтэйчүүдийг орохыг хориглосон байна. Энэ нь эмэгтэйчүүдийг олон нийтийн амьдралаас салган тусгаарлаж буй явдал юм. 

Эх сурвалжийн мэдээлснээр Талибаны эрх баригчид цэнгэлдэх хүрээлэнгүүдийн зохион байгуулагчдад эмэгтэйчүүдийг оруулж болохгүй гэж хэлжээ. Уг нь бол тус бүлэглэл цэнгэлдэх хүрээлэнгүүдэд исламын шашны хууль дүрэм мөрдөгдөхгүй хэмээн мэдэгдэж байсан юм. 

Өнгөрсөн жилийн наймдугаар сард талибчууд засгийн эрх булааж авсныхаа дараа иргэдийг хүйсээр ялган исламын хууль дүрмийг хүчээр мөрдүүлж эхэлсэн. Тухайлбал эмэгтэйчүүдийг долоо хоногийн ням, даваа, мягмар гэсэн гурван өдөр цэнгэлдэх хүрээлэнд очихыг, эрэгтэйчүүдийг үлдсэн дөрөв хоногт очихыг зөвшөөрчээ. Харин энэ удаа эмэгтэйчүүдийг ойрын холбоотой эрэгтэйтэйгээ хамт явсан ч цэнгэлдэх хүрээлэнгүүдэд орохыг хориглоод байна.

Уг дүрэм одоогоор зөвхөн нийслэл Кабул хотод хэрэгжих ч удалгүй улс орон даяар хүрээгээ тэлэх нь гарцаагүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Гэвч ээжүүд хүүхдүүдээ цэнгэлдэх хүрээлэнд тоглуулж гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх боломжгүй болсонд сэтгэл дундуур байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа