АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа БНАСАУ пуужингийн туршилтаа үргэлжүүлсээр байвал АНУ Ази-Номхон далайн бүс нутагт байрлах цэргийн хүчээ зузаатгахад хүрнэ хэмээн анхааруулна гэж АНУ-ын төрийн тэргүүний Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан баасан гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, БНАСАУ нь зөвхөн АНУ, Өмнөд Солонгос, Японд заналхийлээд зогсохгүй мөн нийт бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байна хэээн үзэж байгаагаа АНУ-ын төрийн тэргүүн БНХАУ-ын даргад хэлэх бодолтой байгаа ажээ. Хэрэв БНАСАУ энэ үйлдлээ зогсоохгүй бол АНУ бүс нутаг дахь цэргийн хүчээ зузаатгахад хүрэх юм байна.
Цагаан ордноос зарласнаар, Жо Байден болон Ши Жиньпин нарын уулзалт Бали арал дээр болох "Их 20"-ийн бүлгийн (G20) дээд хэмжээний уулзалтын хүрээнд арваннэгдүгээр сарын 14-нд болох юм.