Сөүл хотод олон хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулан мөрдөн байцаалтад байсан цагдаагийн байцаагч 55 настай Жон овогтой офицер гэртээ нас барсан байдалтай олджээ. Түүнийг амиа хорлосон гэж таамаглаж байна.
Түүнийг Хэллоуины баяраар болсон үймээний үеэр орон нутгийн цагдаа нарын үйлдлийг нуун дарагдуулж, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэж байжээ.
Дотоодын аюулгүй байдлын хэлтэст ажиллаж байсан тэрээр үүрэгт ажлаасаа түр хугацаагаар чөлөөлөгдөөд байжээ. Тэрээр эмгэнэлт үйл явдлаас өмнө бичигдсэн олон хүний төвлөрлөөс болж болзошгүй эрсдэлийн тухай аналитик тайланг тагнуулын сангаас устгахыг доод албан тушаалтнууддаа тушаасан нь нуун дарагдуулах хэрэгт буруутгагдаж байсан юм.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, офицерын цогцсыг баасан гарагт Сөүл дэх гэрээс нь түүний гэр бүлийн гишүүн олсон байна. Цагдаагийнхан түүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Аравдугаар сарын 29-нд болсон үймээний анхны дуудлагууд 18:30 цагийн орчимд цагдаад ирж эхэлсэн бөгөөд үүнээс хойш хэдхэн цагийн дараа олон хүн нас барсан хэрэг гарчээ. Уг ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан эсэх, ослын үеэр цагдаа, аврах алба шуурхай ажилласан эсэх зэргийг мөрдөн шалгаж байгаа юм байна. Тодруулбал, үймээнийг зохицуулах, аврах ажлыг шуурхай хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр Ёнсан дүүргийн цагдаагийн газар, гал сөнөөх алба, дүүргийн төрийн албан хаагчдыг шалгаж эхэлсэн юм.
Эх сурвалж: BBC