11 сарын 9-ны Лхагва гарагт Орос улс Украины Херсон хотоос цэргүүдээ гаргах тухай зарласнаас хойш Оросын цэрэг техникүүд хотод улам багасаж байгаа тухай ард иргэд мэдээлж байна.
11-р сарын 11-ний баасан гарагт Украин улс Херсон хотыг дахин хяналтдаа авснаа зарлалаа. Тус улсын Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар "Херсон хот Украины хяналтад буцаж байна, Украины Зэвсэгт хүчин хот руу нэвтэрч байна" гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Украины Батлан хамгаалах яам Херсонд үлдсэн Оросын цэргийн албан хаагчдад олзны цэрэг болохыг уриалсан байна. Тэдэнд аюулгүй байдал, амь нас, дараа нь солилцоо хийх боломжоор хангана гэж амлаж байна. Мөн тэдэнд Женевийн конвенцыг дагаж мөрдөх, хоол хүнс, эмнэлгийн тусламж үзүүлэх зэргийг амласан байна.
Херсон хот нь дайн эхэлсний дараахан 3-р сард Орост эзлэгдсэн бөгөөд бүтэн 8 сарын турш Оросын цэргийнхний хяналтад байсан юм. Сар гаруйн өмнө Кремльд цэргийн ажиллагааны үеэр Оросын цэргүүдэд эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрүүд, тэр дундаа Херсон мужийг Оросын нутаг дэвсгэрт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол болж байсан. Украины эзлэгдсэн бүс нутгийн оршин суугчид "мөнхөд манай улсын иргэн болно" гэж Путин хэлж байжээ.
ОХУ-ын цэргүүдээ гаргах энэ шийдвэрт анх Украин улс болгоомжтой хандаж, Оросын зарим хүчин Херсонд байсаар байна гэж мэдээлж байсан.
Украины эрх баригчдын одоохондоо хотын оршин суугчдыг гэртээ харихгүй байхыг уриалж байна. Чөлөөлөгдсөн бүс нутаг буудлагад өртсөөр байна. Мөн зарим газар дулааны дэд бүтцийг сэргээх ямар ч баталгаа байхгүй байна гэж мэдээлж байна. Мөн Оросын цэргийнхэн орхин гарсан газар нутгийг мина үлдсэн гэж мэдэгджээ.
Украины Telegram сувгууд Херсон хотын гудамжинд Украины цэргүүдийг угтан авч, талархал илэрхийлж буй бичлэгийг тарааж байна.
Эх сурвалж: Униан, BBC