Цаг үеийн мэдээ

Төв Европын бүс нутагт багтдаг, хуучин социалист орнуудын нэг Словени улсад анх удаа эмэгтэй хүн төрийн тэргүүнээр сонгогдоод байна. Хуульч, сэтгүүлч мэргэжилтэй Натаса Пирк Мусар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.

Тус улсад өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан ч нэр дэвшигчид 50-аас илүү хувийн санал авч чадаагүй тул хоёрдугаар шатны санал хураалтыг өчигдөр явуулсан байна. Өчигдөр болсон санал хураалтад консерватив үзэлтэй хуучинсаг улс төрчдийн төлөөлөл, гадаад хэргийн сайд асан Анзе Логар, зүүн төвийн Засгийн газрын төлөөлөл Натаса Пирк нар өрсөлджээ.

Саналын хуудсыг тоолсон дүнгээр Пирк Мусар 54 хувийн санал авсан бол Логар 46 хувийн санал авсан байна. Ялалт байгуулсныхаа дараа хэсэн үгэндээ Пирк Мусар “Словени улсын ард түмэн Европын холбоон дахь ардчилалд итгэдэг Ерөнхийлөгчийг сонголоо. Залуу үеийнхэн дараагийн үедээ залгамжлуулан үлдээх эрүүл, цэвэр ертөнцийг бүтээх үүрэг хариуцлагаа нуруундаа үүрэх цаг ирсэн” гэжээ.

Тус улсад Ерөнхийлөгч ихэвчлэн бэлгэ тэмдгийн шинжтэй ч хэд хэдэн чухал албан тушаалтнуудыг томилох, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг үүрэг гүйцэтгэдэг байна. Сонирхуулахад Пирк Мусар нь Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд түүний эхнэр, тэргүүн хатагтай Меланиа Трампын ашиг сонирхлыг хамгаалах хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Меланиа Трамп нь Словени улсад төрж өссөн билээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа