Францын нийслэл Парис хотын олон улсын нисэх буудалд 18 жил амьдарсан Иран улсын иргэн Мехран Карими Нассери 77 насандаа таалал төгсжээ. Тэрээр нисэх буудлаас явж, нийтийн байранд амьдарч байсан ч хэдхэн долоо хоногийн өмнө эргэн ирж, эцсийн амьсгалаа амьдарч байсан нисэх буудал дээрээ хураасан байна.
Нассери 1945 онд Иран улсын Кузестан мужид төрсөн ч сураг тасарсан ээжийгээ эрж хайхаар Европ руу нисчээ. Тэр Бельги улсад амьдарч байгаад Их Британи, Нидерланд, Герман улсуудад очсон ч цагаачлан амьдрах эрх олгоход бичиг баримт нь бүрдээгүй гэсэн шалтгаанаар хөөгдсөөр эцэст нь Франц улсад ирсэн юм.
Нассери Парис хотын Ройси Шарль де Голль нисэх буудалд 1988 онд ирснээсээ хойш мөн л цагаачлах эрх олж авч чадаагүй тул тэндээ амьдрах болсон байна. Түүний түүхээр Холливудын нэрт найруулагч Стивен Спилберг “The Terminal” алдарт киногоо 2004 онд найруулж, гол дүрд нь Том Хэнкс, Кэтрин Зета-Жонс нар тоглосон билээ.
Нассери Парисын нисэх буудлын хоёрдугаар терминалыг гэрээ болгож, эд зүйлээ хийсэн тэрэгнүүдээр өөрийгөө тойруулж, вандан сандал дээр унтдаг байжээ. Өдөр нь өөрийн амьдралын түүхээр тэмдэглэл хөтөлж, ном сонин уншиж өнгөрүүлдэг байна. Олон улсын хэвлэлүүд Нассеригийн түүхийг ихээхэн сонирхож, өдөрт л зургаан ярилцлага өгдөг байжээ.
Франц улсын Засгийн газар түүнд 1999 онд дүрвэгчээр амьдрах эрх олгосон ч 2006 он хүртэл нисэх буудлаас яваагүй байна. 2006 оноос хойш “The Terminal” киноноос олсон мөнгөөр нийтийн байранд амьдарч байгаад нас барахаасаа хэдхэн долоо хоногийн өмнө хоёрдугаар терминал дээрээ эргэн иржээ. Түүнийг нас барсны дараа биеэс нь хэдэн мянган доллар бэлнээр олсон гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС