Дэлхийн хэмжээний од Дуа Липа “хүний эрхийг бүрэн дээдэлнэ гэсэн амлалтаа биелүүлсэн Катар улсад очихдоо баяртай байх болно” гэж хэлснээс үүдэлтэйгээр түүнийг Катар улсад болох хөлбөмбөгийн ДАШТ-ний нээлтийн ёслол дээр дуулна гэх цуу яриа тархжээ. Тэгвэл дуучин бүсгүй уг цуу ярианд хариу тайлбар өгч, нөхцөл байдлыг тодорхой болгосон байна.
Тэрээр энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийх хөлбөмбөгийн ДАШТ-ний нээлтийн үеэр тайзан дээр дуулахгүй ба Английн шигшээ багийг алсаас дэмжинэ гэдгээ мэдэгджээ. Харин нээлт дээр Робби Уилямс, BTS хамтлагийн гишүүн Жун Күк, Black Eyed Peas, Колумбын дуучин Жэй Балвин нар дуулах юм байна. Дуа Липа Лондон хотод Косова болон Албани гаралтай эцэг эхийн гэрт төрж өссөн билээ.
Түүнчлэн Британийн рок од Род Стюарт түүнд Катарын ДАШТ-ий нээлт дээр дуулах санал жил гурван сарын өмнө ирсэн ч хүлээж аваагүй тухайгаа саяхан мэдэгджээ. Тэрээр сая ам.долларын саналаас татгалзсан байна.
Катар улс хүний эрхийн тал дээр хязгаарлагдмал байдаг нь хүний эрхийн байгууллагуудаас шүүмжлэл дагуулсаар ирсэн. Жилийн өмнө The Guardian сонины нийтлэлд Катар улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрх авснаас хойш Энэтхэг, Пакистан, Балба, Бангладеш, Шри Ланка улсуудаас ирсэн 6,500 цагаач ажилчин амиа алдсан тухай мэдээлсэн юм. Катарын Засгийн газар уг нийтлэлийн хариуд эдгээр амиа алдсан цагаач иргэд бүгд ДАШТ-тэй холбоотой төсөл дээр ажиллаж байгаад амиа алдаагүй гэсэн тайлбарыг өгч байжээ.
Нэмж дурдахад ОХУ Украин руу цэргээ оруулснаас үүдэж олон улсын хөлбөмбөгийн холбоо тус улсыг бүх тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: ВВС