Хятадын өмнөд нутгийн үйлдвэрлэлийн төв Гуанжоу хотод хөл хорионд орсон иргэд эсэргүүцлээ илэрхийлж жагссан байна. Иргэдийг гэрт нь оруулахгүй хорьсон хаалт саадыг нурааж гудамжинд жагсаж буй бичлэг цахим сүлжээнд тавигджээ.
Тус хотод коронавирусийн тархалтыг намжаахын тулд энэ сарын 5-ны өдрөөс хойш хатуу чанга хөл хорионы дэглэм тогтоосон байна. Уг жагсаалыг даваа гарагийн шөнө болсон гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Цахим сүлжээнд тавигдсан бичлэгт халдвараас хамгаалах хувцастай эрүүл мэндийн ажилтан хашлаган дээр зогсож уурлаж бухимдсан иргэдтэй ярилцахыг оролдож байгааг харуулжээ. Жагсаал хэр удаан үргэлжилсэн болон хэд орчим хүн нэгдсэн зэрэг нарийн мэдээлэл тодорхойгүй байна.
Эрх баригчид хатуу хяналт тавьдаг Хятадад олон нийт эсэргүүцлийн жагсаал тэмцэлд нэгдэх нь тун ховор үзэгдэл юм. Гэвч Засгийн газрын гурван жил орчим хэрэгжүүлж буй хатуу хөл хорио тогтоож, нийтээр нь шинжилгээнд хамруулах тэг ковид хөтөлбөр иргэдийн тэвчээрийг барж байна.
Хятадын үндэсний эрүүл мэндийн хороо мягмар гарагт улсын хэмжээнд коронавирусийн 17,772 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлжээ. Энэ нь 2021 оны дөрөвдүгээр сараас хойш хамгийн өндөр тохиолдол болж байна.
Эх сурвалж: CNN