Польш улсын Украин улстай хиллэдэг Пшеводов тосгонд пуужин унаж хоёр оршин суугч амиа алдсан байна. Пуужин орон нутгийн цагаар 15:40 цагт Украины хилээс хойш 6,4 км зайд унажээ.
Уг мэдээлэл цацагдсаны дараа АНУ тэргүүтэй барууны орнууд болсон явдлыг мөрдөн шалгаж байна. Орос болон Украины талууд харилцан нэгнээ буруутгасан ч пуужин харваагүй хэмээн байр сууриа хамгаалсаар байна.
Польшийн гадаад хэргийн яамнаас нутаг дэвсгэрт нь унасан пуужин ОХУ-д үйлдвэрлэгдсэн гэж мэдэгджээ. Мөн Варшав дахь Оросын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад хандаж нэн даруй тайлбар өгөхийг шаарджээ.
Польшийн Үндэсний аюулгүй байдлын товчоо шуурхай хуралдаан зарласан байна. Пшеводов тосгонд бөмбөг унах үеэр Украины нийслэл Киев хотод мөн пуужин унаж нэг хүн амиа алдсан тухай мэдээлжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Украин-Польшийн хилийн ойролцоо дайралт довтолгоон хийгээгүй ба нөхцөл байдлыг хурцатгах гэсэн санаатай оролдлого хэмээн буруутгасан байна.
Ерөнхийлөгч Володимир Зеленський Польш улсын Ерөнхийлөгч Андрей Дудад эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр Оросын террорист халдлагын улмаас амиа алдсан Польшийн иргэдэд эмгэнэл илэрхийлж байна гэжээ.
Мөн зарим хэвлэлүүдээр Украины пуужин Польшийн нутагт унасан гэх мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба уг мэдээлэл хуурамч ба Оросын талын хуурамч суртал ухуулга мөн гэсэн тайлбарыг өгчээ.
Польшийн харьяалагддаг НАТО цэргийн эвсэл өнөөдөр шуурхай хуралдахаар болсон байна. Түүнчлэн Индонезийн Бали аралд цугласан дэлхийн тэргүүлэх 20 орны төр засгийн тэргүүнүүдийг дугуй ширээний шуурхай хуралдаан хийхийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уриалжээ.
Эх сурвалж: ВВС