Украинтай хиллэдэг Польшийн нутаг дэвсгэрт пуужин унаж хоёр хүн амиа алдсан. Уг пуужинг Орос, Украины талууд харвасан тухай харилцан нэгнээ буруутгаад байсан юм.
Тэгвэл НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уг пуужинг Украины талаас харвасан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.
Шинжээчид Польшийн нутагт болсон ослыг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна. Шалгалтын явцад уг пуужин Украины агаарын батлан хамгаалах хүчнийх байх магадлал өндөр байна гэж Йенс Столтенберг мэдээлжээ.
Тэрээр Оросын Украинд явуулж буй цэргийн ажиллагааг зөвтгөх аргагүй гэдгийг энэ үеэр илэрхийлсэн байна. Украины зүгээс Польшийн нутагт пуужин унасанд Оросын тал буруутай хэмээн байр сууриа хамгаалсаар байгаа юм.
Ерөнхийлөгч Володимир Зеленський цэргийн мэдээлэл дээр үндэслэхэд энэ пуужин манайх биш Оросынх гэдэгт эргэлзэх зүйлгүй гэжээ. Мөн тэрээр Украины хилээс ердөө 6 км зайд Польшийн Пшеводов тосгоны фермэд болсон дэлбэрэлтийг шалган мөрдөх ажилд нэн даруй хамтрахаа хэлжээ.
Индонезийн Бали аралд хуралдаж буй бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтын үеэр уг явдал анхаарал татаж, НАТО-ын гишүүн орны нутагт пуужин унасан нь дайны нөхцөл байдлыг улам хурцатгаж болзошгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Хэдийгээр ямар ч нотолгоо байхгүй ч Польшийн Ерөнхийлөгч Андрей Дуда уг пуужин ОХУ-д үйлдвэрлэсэн s-300 загвар байж магадгүй хэмээн мэдээлж байсан юм.
Эх сурвалж: ВВС