Мягмар гарагт Польшид унаж, хоёр хүний амийг авч одсон пуужинг Оросын цэргүүд биш, харин Украины агаарын довтолгооноос хамгаалах систем харвасан гэж Польшийн Ерөнхийлөгч, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдэгджээ.
Өмнө нь Москва, Парис, Вашингтоноос үүнтэй төстэй саналууд гарч байсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Жо Байден: унасан пуужинг Оросоос хөөргөсөн байх магадлал багатай гэж хэлсэн.
Польшид пуужин унасантай холбоотойгоор Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Оросын бөмбөгдөлтөд саад учруулахыг оролдсон Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин байх магадлалтай гэж мэдэгдэхдээ энэ эмгэнэлт явдлын хариуцлагыг зөвхөн Орос хүлээх ёстой гэж мэдэгдсэн.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак уг явдлын тухай мэдэгдэхдээ
"Бид бүгд тодорхой ойлгох ёстой. Оросууд Украин руу түрэмгийлээгүй бол эдгээрийн аль нь ч тохиолдохгүй байсан" гэж тэрээр дүгнэж, "Энэ бол Путины дайны харгис хэрцгий бодит байдал юм. Энэ бүхэн үргэлжилсээр л байвал бидний болон манай холбоотнуудын аюулгүй байдалд заналхийлсээр байх болно. Дайн үргэлжлэх тусам дэлхийн эдийн засгийг доройтуулсаар байх болно" хэмээн хэлжээ.
Эх сурвалж: BBC