Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2022.11.16) Ус сувгийн удирдах газрын (УСУГ) харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, Туул голд цутгаж байгаа усны чанартай танилцав.

УСУГ-ын дарга Ц.Төрхүү Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, тулгамдаж буй зарим асуудлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар Ажлын хэсгийнхэнд танилцуулсан.

Тэрбээр, “Төв цэвэрлэх байгууламж нь ус бохирдуулагч байгууллага биш. Гэтэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар манай байгууллага дээр 11 тэрбум гаруй төгрөгийн төлбөр гараад байна. Цэвэрлэх байгууламжид ирж буй бохир ус байх ёстой хэмжээнээсээ 3-5 дахин их бохирдолтой байна. Бид үүний 80-88 хувийг цэвэршүүлж байгальд нийлүүлдэг. Уг байгууламж хоногт 160-170 мянган куб.метр усыг хүлээн авч, цэвэршүүлэх хүчин чадалтай ч, өнөөдөр гэхэд 183 мянган куб.метр ус ирсэн байна. Байгууламж нь ахуйн хэрэглээний усыг цэвэрлэх зориулалттай хэдий ч химийн гаралтай бохирдолтой ус ирж байна. Томоохон эмнэлгүүд, арьс ширний болон хүнсний үйлдвэрүүдээс маш их бохирдолтой ус шууд ирж байгаа нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болгож байна” хэмээн ярьж байлаа.

Үргэлжлүүлэн Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ш.Ганзориг энэ талаар хэлсэн үгэндээ, “Ус бохирдуулсны төлбөрийг тухайн  холбогдох иргэн, аж ахуйн нэгж төлөх нь зүйтэй. Төв цэвэрлэх байгууламж дээр нь энэ төлбөрийг тавьж байгаа нь учир дутагдалтай тул энэ асуудлыг эргэн харах шаардлагатай.  Иймд ус бохирдуулсныг хянах, төлбөр тогтоох, хураах асуудлыг маш тодорхой болгох, эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь чухал байна”  дурдсан.

Улсын Их Хурлын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг уулзалтын үеэр хуулийн хэрэгжилтийг хангуулах нь ганцхан салбарын яам, эсвэл Ус сувгийн удирдах газрын ажил бус гэдгийг тодотгоод цаашид хуулийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр холбогдох яамдын төлөөлөл, мэргэжлийн байгууллагын хүмүүсийг оролцуулсан томоохон хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэдгийг онцлов. Мөн тэрбээр, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд   баталсан. Уг хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020 оноос хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж,  дагаж мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт болон салбар хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Ажлын хэсгээс энэ асуудлаар санал, дүгнэлтээ боловсруулж Байнгын хороо болон холбогдох яамдад танилцуулна. Цаашдаа хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр онцгой анхаарч ажиллана” хэмээлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таны сурталчилгаа