Цаг үеийн мэдээ

Одоогоос найман жилийн өмнө Украины зүүн нутагт Малайзын зорчигч тээврийн МН17 нислэгийн онгоц пуужинд оногдож, 298 хүн газар дээрээ амь эрсэдсэн. Уг онгоцыг Оросын хяналтад байдаг зэвсэгт бүлэг Орост үйлдвэрлэж, нийлүүлсэн пуужингаар харвасныг Нидерландын шүүх байгууллага тогтоосон байна.

Нидерландын шүүх уг пуужинг харвасан хэрэгт ОХУ-ын 2, Украины 1 иргэнийг гэм буруутай гэж үзэж бүх насаар нь хорих ял оноожээ. Гэвч шүүгдэгчид бүгд эзгүй байсан байна. ОХУ-ын дахин нэг иргэнийг гэм буруутай байж болзошгүй гэж үзсэн ч шүүх хуралдааны үеэр цагаатгажээ. 

Энэ жилийн хоёрдугаар сард ОХУ Украинд цэргээ оруулахаас өмнө 2014 оны осол Украин дахь хамгийн ноцтой дайны гэмт хэрэг байсан юм. Нидерландын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон этгээдүүд нь Донецкийн ардын бүгд найрамдах бүсийн цэргийн удирдагч Игорь Гиркин, Бук пуужин харвагч төхөөрөмжийг тээвэрлэх тушаал өгсөн Сергей Дубинский, Дубинскийн зааврын дагуу Букыг удирдаж байсан нь тогтоогдсон Леонид Харченко нар ажээ. 

2014 оны долдугаар сарын 17-ны өдөр Малайзын Куала Лумпур хотоос Нидерландын Амстердам хотыг чиглэсэн онгоц Оросын пуужинд оногдсоноос 298 хүн амиа алдсаны дотор 80 хүүхэд байсан юм. Мөн 17 орны зорчигчид байсны дотор Нидерландын 196, Малайзын 43, Австралийн 38, Их Британийн 10 хүн байжээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа