БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 87 настай эрэгтэй ковидын улмаас нас барсан тухай эрх баригчид мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн хагас жилийн хугацаанд ковидын улмаас иргэн амь насаа алдсан анхны тохиолдол болж байна.
Ням гарагт Бээжинд коронавирусийн 621 тохиолдол шинээр илэрсэн ба улс орон даяар 24 цагийн дотор 24,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь хоногт бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болжээ. Дэлхийн ихэнх улс орон коронавирусийн хатуу чанга хөл хорионы дэглэмээс татгалзсан ч Хятад хөл хорио тогтоох, бүх нийтийг шинжилгээнд хамруулах зэргээр “тэг ковид” хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.
Нийслэл Бээжин 10 хоногийн өмнө хөл хорионы дэглэмээ сулруулсны дараа халдварын тархалт өссөн үзүүлэлтийг харуулж байгаа ажээ. Хатуу чанга хөл хорионы дэглэмийг эсэргүүцсэн иргэд цагдаа нартай мөргөлдөж, өнгөрсөн долоо хоногт жагсаал болсон Гуанжоу хотод хоногт 8,000 гаруй иргэн коронавирусээр халдварласан байна.
Хөл хорионы дэглэмийг ойрын хугацаанд сулруулж магадгүй гэж иргэд найдаж байгаа ч эрх баригчид иргэдийг шаардлагагүй тохиолдолд гадагш гарах, хаа нэгтээ аялахгүй байхыг анхааруулсаар байгаа юм. Ням гарагийн байдлаар Бээжингийн зарим том дэлгүүр хаалттай байгаа бол зарим нь ажиллах цагийн хуваариа багасгажээ.
Эх сурвалж: The Guardian