Индонези улсын Жава арал дээр өчигдөр өдөр орон нутгийн цагаар 13:20 цагийн үед 5,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт баруун Жава арлын Чианжур тосгоны нутагт хөрсний гүний 10 км-т бүртгэгдсэн байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 162 хүн амиа алдсан гэж эх сурвалжууд мэдээллээ. Олон тооны бэртэж гэмтсэн иргэдийг эмнэлгүүдэд хүргэж, аврагчид нурсан барилга байшин дор дарагдсан байж болзошгүй иргэдийг аврахаар бүхэл шөнийн турш ажилласан байна.
Уг бүс нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг ба хүн ам шигүү оршин суудаг, байшин барилгын чанар стандарт сул ажээ. Гарз хохирлын хэмжээг нарийн тогтоох боломжгүй бөгөөд 326 хүн гэмтэж бэртсэн гэж орон нутгийн хэвлэлээр мэдээлсэн байна.
Гэвч алслагдсан бүсэд иргэд нурангинд дарагдсан байх эрсдэлтэй тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулжээ. Жава мужийн захиргаа 2,200 гаруй байшин нурж, 13,000 гаруй иргэн орон гэрээсээ дүрвэсэн гэдгийг урьдчилсан байдлаар мэдээлжээ.
Гэмтэж бэртсэн иргэдийн дийлэнх нь барилга байшин нурах үед хөл гарын ясаа хугалсан байдалтай байна. Эмнэлгийн хүрэлцээ муу байгаа тул гаднах машины зогсоолд өвчтөнүүдийг эмчилж эхэлжээ.
Мөн гамшгийн бүсэд эрчим хүч тасарсан байна. Мужийн эрх баригчид гэрэл цахилгааныг бүрэн сэргээж холбоход гурав хоногийн хугацаа шаардлагатай гэжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл голомтоос 100 орчим км зайтай нийслэл Жакарта хотод хүчтэй мэдрэгдсэн байна. Иргэд тэнгэр баганадсан өндөр барилгуудаас гарч зугтжээ.
Индонези улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг тул ойрхон давтамжтай хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгддэг. Энэ оны хоёрдугаар сард баруун Суматра мужид 6,2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 25 хүн амь эрсдэж, 460 гаруй хүн бэртэж гэмтсэн юм. Мөн 2018 онд Сулавеси мужид хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас 2,000 гаруй хүн амиа алдаж байжээ.
Эх сурвалж: The Guardian, BBC