Цаг үеийн мэдээ

Хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад үргэлжилж буй энэ үед дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин гэгддэг Криштиану Роналду Манчестер Юнайтед багаа орхих болсныг мэдэгджээ. Тэрээр ДАШТ-ий үеэр төрөлх эх нутаг Португал улсын шигшээ багт дуудагдан тоглож байгаа юм. 

Английн премьер лигийн клуб Роналдугийн өнгөрсөн долоо хоногт телевизэд өгсөн клубын тухай сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн ярилцлагаас үүдэж олон талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр уг шийдвэрийг гаргаж буй гэдгээ зарласан байна. Роналду Пиерс Морганы Ток ТВ шоунд оролцох үеэрээ Юнайтед түүнээс урвасан болоод багийн менежер Эрик Тэн Хагийг хүндэлдэггүй тухайгаа ярьжээ.

Манчестер Юнайтед багийн гаргасан албан ёсны мэдэгдэлд “Клубын зүгээс 346 удаагийн тоглолтонд 145 бөмбөг хаалганд оруулж Олд Траффордод асар их хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлж байна. Түүнд болон гэр бүлд нь ирээдүйн сайн сайхныг хүсье” гэжээ. 

Уг мэдээлэлтэй давхцан Юнайтед клубыг 2005 оноос хойш эзэмшиж буй АНУ-ын Глэйзерийн гэр бүл багийг худалдах тухай судалж байгаа гэдгийг мэдэгдсэн байна. Тус гэр бүл Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнгийн эзэн багийг 20 орчим жилийн өмнө 790 сая фунт стерлинг буюу 1,3 тэрбум ам.доллараар худалдаж авч байсан юм. 

Тус клубын төлөөлөн удирдах зөвлөл багт хөрөнгө оруулах болон худалдах, бусад шилжилт өөрчлөлт хийх талаар стратегийн бүх хувилбарыг судалж, эрэлхийлж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС, CNN