Цаг үеийн мэдээ

Эрт үед мэсчдийн тулааныг үзэхээр ирсэн хүмүүсийг зугаатай болгодог байсан бас нэг зүйл нь хөнгөн зууш байсныг гэрчлэх нотлох баримтыг археологичид Колизей театраас олжээ. Үзэгчид чидун жимс, самар, усан үзэм, инжир, үхрийн нүд, хушга иддэг байсны үлдэгдлийг судлаачид ус зайлуулах хоолойноос илрүүлсэн байна.

Амтат зуушнаас гадна баавгай, аварга биетэй муурын төрлийн амьтдын ясны үлдэгдлийг уг театрын сууринаас олжээ. Магадгүй Колизейд мэсчдээс гадна зэрлэг ан амьтдын тулаан өрнөдөг байсан байсан аж. 

2,000 жилийн настай түүхэн дурсгалт газрын ус зайлуулах хоолойд хийсэн судалгаа шинжилгээний ажлын үеэр археологичид эдгээр баримтуудыг илрүүлжээ. Колизей театрын доогуур 70 метр урт үргэлжлэх ус зайлуулах хоолойд хийсэн уг судалгаа 2021 оны нэгдүгээр сард эхэлсэн байна. Судлаачид утсаар удирддаг роботуудын тусламжтай ус зайлуулах системийг судалж эртний Ромын оршин суугчдын өдөр тутмын аж байдал хэрхэн өрнөдөг байсныг ойлгохыг хүсчээ. 

Колизей нь Ромын эзэнт гүрний хамгийн том амфитеатр байсан бөгөөд олон арван мянган үзэгчийн багтаамжтай байсан гэж үздэг. Судалгааны ажлын хүрээнд зэрлэг амьтдын яс, жимс самарны үлдэгдлээс гадна Ромын эзэнт гүрний сүүлч үед хамрагдах 50 ширхэг хүрэл зоос олжээ. 

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа