Цаг үеийн мэдээ

ОХУ-ын эрх баригчдын мэдээлснээр ойрын хэдэн жилийн хугацаанд тээгч эхчүүдийн төрүүлсэн 45,000 орчим нярай хилийн чанадад үрчлүүлжээ. Тиймээс эрх баригчид орос эмэгтэйчүүдийг гадны иргэдийн хүүхдүүдийг тээж төрүүлэхэд хориг тавьж, хууль батлахаар болсон байна. 

Парламентын доод танхимын дарга Вячеслав Володин энэ тухай өчигдөр буюу ням гарагт ээжүүдийн өдрийг тохиолдуулан мэдээлсэн байна. ОХУ-д 1998 оноос хойш жил бүрийн 11 дүгээр сарын сүүлчийн ням гарагийг ээжүүдийн өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Тус улсад тээгч эхэд тодорхой хэмжээний төлбөр төлж хүүхэдтэй болохыг хуулиар зөвшөөрдөг ч гаднын иргэдийн хүүхдийг тээж төрүүлэхийг хориглосноор хүүхэд хамгаалахад маш том эерэг нөлөө үзүүлнэ гэж Володин мэдэгджээ. Гаднын иргэдэд нярайг үрчлүүлэх нь хүүхэд наймаалах гэмт хэрэг гэж үзэж буйгаа Володин илэрхийлжээ. 

Уг асуудлыг Парламентад ирэх 12 дугаар сард хэлэлцэх юм байна. Парламентын доод танхимын гурав дахь шатны хэлэлцүүлгээр хуулийн төслийг дэмжвэл дээд танхимд шилжүүлж, эцэст нь Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлнэ.

Эх сурвалж: Al Jazeera

Таны сурталчилгаа