Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй ковидын эсрэг хатуу чанга хөл хорионы дэглэмийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн том хотод боллоо. Жагсагчид хоёр дахь хоногтоо жагсаалаа үргэлжлүүлж, Шанхай, Бээжин, Чэнду, Гуанжоу, Ухань хотуудад бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж өргөжсөн байна.

Шанхайд жагсагчид хатуу чанга хөл хорионы дэглэмийг эсэргүүцэж байсан ч аажмаар Ши Жиньпин даргыг огцрохыг шаардаж эхэлжээ. Мөн улc төрийн чөлөөт орчин бүрдүүлэхийг эрх баригч Коммунист намын удирдлагуудаас шаардсан байна. 

Тэр дундаа Шанхай хотын 25 сая иргэн сүүлийн хоёр сар орчмын хугацаанд хөл хорионд байсан тул тэвчээр нь алдагдаж, уур бухимдлаа хүчтэй илэрхийлж байгаа юм. Хятадад эсэргүүцлийн жагсаал тэмцэл гарч, иргэд босох нь түгээмэл биш учир энэ удаагийн жагсаал эрх баригчдын хувьд том сорилт болж буйг барууны хэвлэлүүд мэдээлжээ.

Шинжаан мужийн нийслэл Өрөмч хотод өнгөрсөн долоо хоногт хөл хорионд байсан бүсэд орон сууц шатаж 10 хүн амиа алдаж, мөн тооны хүн гэмтэж бэртсэн нь эсэргүүцлийн жагсаалыг өдөөх бас нэгэн шалтгаан болсон юм. Гал сөнөөгчид шатаж буй байшинд хөл хорионоос болж хүрч чадалгүй хугацаа алдсанаас олон тооны хохирогч амиа алджээ. 

Томоохон хотуудаас гадна олон арван их сургуулийн хотхонуудад оюутнууд жагсаалд нэгдэж эрх чөлөө, ардчиллыг уриалсан байна. Хятадад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдэх болсон.

Эх сурвалж: ВВС, CNN

Таны сурталчилгаа