Неаполь хотын ойролцоох Исчиа арал дээр хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулсалт үүсэж, долоон хүн нас барж, аврагчид сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Бямба гарагийн өглөө эрт далайн эрэгт урссан шавар болон хог хаягдал моднуудыг нурааж, барилгуудыг давж, олон арван машиныг далайд урсгажээ.
Ослын газраас долоон хүний цогцос олдсон бөгөөд хэд хэдэн хүний цогцос олдоогүй, олон арван байшин хүн хүрэх боломжгүй болж тусгаарлагдан, цаг агаарын таагүй байдал аврагчдын ажилд саад болж байна.
Тус хотын оршин суугч Лиза Моччаро "Анса" агентлагт хэлэхдээ "Бид үүрийн гурван цагийн үед эхний нуралтын чимээ сонссон, дараа нь хоёр дахь нуралт өглөөний таван цагийн үед болсон. Аймшигтай байсан" хэмээн ярьжээ.
Италийн Дотоод хэргийн сайд Маттео Пиантедоси сэтгүүлчдэд хэлэхдээ, нөхцөл байдал маш хүнд байгаа бөгөөд сураггүй болсон хүмүүс хөрсөнд дарагдсан гэж үзэж байна. Зургаан цагийн дотор 155 мм хүртэл хур тунадас оржээ. Исчиа арлын оршдог Кампаниа мужид хэдэн өдрийн турш аадар бороо оржээ. Хүчтэй бороо, салхи шуурга ням гараг хүртэл үргэлжлэхийг цаг уурын газраас анхааруулсан байна.
Өнгөрсөн пүрэв гарагт тус бүс нутагт цаг агаарын таагүй байдлын улмаас хоёр хүн нас баржээ. Аргентины жуулчин далайн эргийн шуурганы үеэр далайд унаж живж, дахин нэг хүн далайн эрэг дээр аянгад цохиулж амь насаа алджээ. Орон нутгийн эрх баригчид онцгой байдлын албаны ажилд саад учруулахгүйн тулд оршин суугчдыг гэртээ байхыг уриалж байна.
Эх сурвалж: BBC