Хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад үргэлжилж байна. Тус тэмцээний үеэр 11 дүгээр сарын 21-ний өдөр Ираны хөлбөмбөгийн шигшээ ба Английн эсрэг тоглохдоо тоглолтын өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзсан билээ. Үүгээрээ Ираны тамирчид улс орондоо болж буй улс төрийн шударга бус байдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Өнөөдөр Ираны баг АНУ-ын багтай дараагийн тоглолтоо хийнэ. Хэрэв энэ удаагийн тоглолтын өмнө дахин зохисгүй аашилбал шигшээ багийн тамирчдын гэр бүлийн гишүүдийг баривчлан саатуулах болон гэсгээл онооно гэж Ираны эрх баригчид сүрдүүлсэн тухай CNN агентлаг мэдээлжээ. Уг мэдээллийг ДАШТ-ний үеэр аюулгүй байдлыг хамгаалж буй эх сурвалжаас авсан гэжээ.
Ираны шигшээ ба төрийн дууллаа дуулахаас татгалзсаны дараа Ираны хувьсгалт гвардын цэргийн төлөөлөгчид уулзах шаардлага тавьсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэв өнөөдрийн тоглолтод Ираны баг төрийн дууллаа дуулахаас дахин татгалзах, аль эсвэл Тегераны эсрэг улс төрийн тэмцэлд нэгдвэл гэр бүлийнхэнд нь аюул учирна гэж тамирчдыг заналхийлжээ.
Эхний тоглолтын өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзсан шигшээ багийн тамирчид Уэльстэй хийсэн хоёр дахь тоглолтын өмнө төрийн дууллаа дуулсан билээ. Уг тоглолтод Иран 2:0 оноогоор хожсон юм. Түүнчлэн хөлбөмбөгийн ДАШТ болж буй Катар улсад Ираны аюулгүйн хүчний офицерууд олон тоогоор ирж мэдээлэл цуглуулан, шигшээ багийн тамирчдыг ойроос хянаж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.
Иран улсад 22 настай Махса Амини бүсгүй толгойн алчуураа дутуу зүүсэн гэж цагдаа нарт баригдаж амиа алдсаны дараа ойрын саруудад хатуу чанга дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл үргэлжилсээр байна. 1979 онд хувьсгал хийж 40 гаруй жилийн турш эрх барьж буй Ираны улс төрийн дэглэм нурж болзошгүй эрсдэлтэй тулгарч байгаа юм.
Эх сурвалж: CNN