Саакашвили 2021 оны есдүгээр сарын 29-нд хууль бусаар Гүрж рүү буцаж ирсэн бөгөөд тэр даруйдаа саатуулагдсан. Түүнд өмнө нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар зургаа ба гурван жилийн хорих ял оноосон бөгөөд экс Ерөнхийлөгчид холбогдох гурван эрүүгийн хэргийг нийслэлийн шүүхэд хэлэлцэж байна.
Эцэст нь Саакашвили өлсгөлөн зарлаж, улмаар эрүүл мэнд нь эрс муудсан. Тавдугаар сард түүнийг Вивамеди хувийн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд шүүх хурал үргэлжилж байгаа ч сүүлийн саруудад Гүржийн ерөнхийлөгч асан шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Саакашвили арваннэгдүгээр сарын 28-нд шүүх хуралд оролцох ёстой байсан. Хэрвээ шүүх хуралд оролцохоор бол дамнуургатай авчрах эсвэл тэргэнцэртэй хүргэгдэж ирнэ гэж түүний өмгөөлөгч Хачапуридзе мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Вивамеди эмнэлгийн эмч нар Саакашвилиг эрүүл мэндийн шалтгаанаар шүүхэд хүргэхийг зөвшөөрөөгүй тул шүүгч хурлыг дахин хойшлуулахаар шийджээ.
Михаил Саакашвилигийн биеэс хүнцэл буюу мышьяк илэрсэн гэж өмгөөлөгч Шалва Хачапуридзе өнөөдөр мэдэгджээ. Түүний хэлснээр АНУ-ын хорт бодис судлаачдын нэг нь шинжилгээний үр дүнг судалж байна. "Бид хумсны шинжилгээний хариуг хараахан аваагүй байна, тэд өнөөдөр ирнэ, гэхдээ судалгааны үр дүнд өөр хорт бодис болох хүнцэл илэрсэн нь утсаар тодорхой болсон" гэж Mtavari телевизийн суваг түүний хэлснийг иш татан мэдээлжээ.
Саакашвили дөрөвдүгээр сараас хойш олны өмнө гараагүй байна. Экс Ерөнхийлөгчийн амь насанд аюул тулгараад байна гэж түүний ойр дотны хүмүүс болон гэр бүлийнхэн нь хэлж байна. Эмпати төвийн тэргүүн Мариам Жишкариани өөрийнх нь төрийн бус байгууллагын хийсэн шалгалт Саакашвили хордсон болохыг харуулж байна гэж мэдэгджээ. Тэрээр АНУ-д хийсэн судалгаагаар Саакашвилигийн биеэс висмут, бари, мөнгөн ус илэрсэн гэж мэдэгджээ.
"Тэр хоёр сарын турш 39 градусын халуунтай байсан. Тэр маш их жин хассан" гэж Михаил Саакашвилигийн эрүүл мэндийн ноцтой асуудлын талаар Гүржийн парламентын гишүүн ярьжээ.
Өмнө нь Саакашвилигийн өмгөөлөгчид түүнийг сэтгэцийн хомсдол, сүрьеэ зэрэг гуч гаруй өвчнөөр оношлогдсон гэж мэдэгдсэн. Түүнийг яаралтай гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж түүнийг хамгаалагчид болон ар гэрийнхэн нь шаардаж байна.
Эх сурвалж: Настоящее время