Цаг үеийн мэдээ

Дэлхий даяар 30 орчим сая хүн өвчилж, эмч мэргэжилтнүүд түүний эсрэг эдгээх эм гаргаж авахаар хэдэн арван жилийн турш ажилласан ч бүтэлгүйтэж байсан өвчин бол Альцгеймер юм. Тэгвэл уг өвчний судалгаанд түүхэн амжилт гаргаж, анх удаа Альцгеймер өвчнийг анагаах леканемаб эмийг танилцуулсан байна. 

Клиникийн туршилтаар уг эм нь Альцгеймер өвчний эхний шатуудад өвчтөнүүдийн тархи танин мэдэхүйгээ алдах явцыг удаашруулж байгааг баталжээ. Улмаар уг өвчний эхний шатанд эмчлэх найдлагатай болсон гэдгийг Их Британийн сэтгэцийн олдмол өвчний судалгааны хүрээлэнгийн захирал Барт де Стрүпер мэдэгдсэн байна. 

Леканемаб нь тархин дахь бета амилойд буюу уургийн бүлэгнэлийг арилгах замаар ой санамжаа алдах явцыг удаашруулж байгаа аж. Японы Эйсай болон АНУ-ын Биоген компаниуд леканемаб эмийг хамтран хөгжүүлж клиникийн туршилт хийжээ. 

Эдгээр компаниудын мэргэжилтнүүд есдүгээр сард 1,800 орчим өвчтөн дээр туршилт явуулж дууссан байна. Гэвч бүх мэдээллийг нягталж дуусах хүртэл мэдээлэл цацаагүй байна. Жил хагас үргэлжилсэн туршилтын үр дүнд өвчтөнүүдийн оюуны чадамжаа алдаж буй байдлыг 27 хувиар бууруулжээ. 

Дэлхий дээр 55 сая хүн сэтгэцийн олдмол өвчин эмгэгтэй амьдарч байгаагийн 70 орчим хувийг Альцгеймер эзэлдэг. Их Британид хийсэн судалгаагаар өвчтөнийг тус өвчнөөр өвдсөн гэдгийг нь оношилсноос хойш дунджаар долоон жилийн дотор нас бардаг гэжээ. 

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа