Цаг үеийн мэдээ

Их Британийн Гадаад хэргийн хорооны гишүүд мягмар гарагт Тайваньд зочилж Тайваний Гадаад хэргийн сайд Жосеф Ву болон бусад өндөр дээд хэмжээний албаны хүмүүстэй уулзжээ. Уг айлчлалыг Бээжингээс улсын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон явдал хэмээн зэмлэн буруутгажээ.

Тайвань өөрсдийгөө бие даасан улс гэж үздэг боловч Хятад өөрийн муж гэж үздэг ба ирээдүйд газар нутагтаа нэгтгэхээ илэрхийлсээр ирсэн. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайпейд айлчилсан нь ихээхэн хэл ам дагуулж, Вашингтоныг Бээжинтэй харилцаагаа хурцатгахад хүргэсэн билээ. 

Бээжин Пелосигийн айлчлалыг эсэргүүцэж Тайваний эргэн тойронд урьд өмнө тохиолдоогүй том хэмжээний цэргийн сургуулилалт хийж, Тайваньтай байгуулсан зарим худалдааны гэрээ хэлцлийг царцаасан юм. Пелоси 25 жилийн хугацаанд Тайваньд айлчилсан Америкийн хамгийн өндөр албан тушаалтай улс төрч болсон. Тэрээр дэлхийн удирдагчид Тайваньд зочлохыг Хятад хориглож чадахгүй хэмээн тухайн үед хэлж байжээ. 

Энэ удаад Британийн эрх баригчид Тайваньд зочилсны дараа Лондон дахь Хятадын элчин сайдын яам уг явдал нь нэг Хятад гэсэн бодлогыг эсэргүүцэж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал хэмээн мэдэгдсэн байна. Долоо хоногийн эхэнд Британийн Ерөнхий сайд Риши Сунак Хятадтай дипломат харилцааны алтан үеэ дуусгасан тухай мэдэгдсэн юм. 

Британийн эрх баригчид пүрэв гарагт Тайваний төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Су Цэн Чан, баасан гарагт Тайваний удирдагч Цай Ин Вэн нартай уулзана. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа