Цаг үеийн мэдээ

Умард Солонгос улс сүүлийн саруудад ойрхон давтамжтай баллистик пуужингийн туршилтыг шил дараалан явуулсан. Үүний хариуд Япон, Өмнөд Солонгос, Америк улсууд шинэ хориг тавьжээ.

Япон, БНСУ, АНУ-ууд Умард Солонгосын зэвсгийн хөтөлбөртэй холбоотой эрх баригчдыг хар жагсаалтад оруулсан байна. Америкийн Сангийн яамны мэдэгдсэнээр Умард Солонгосын Жон Ил Хо, Ю Жин, Ким Су Гил нарын эсрэг хориг тавьжээ. Европын холбоо өнгөрсөн дөрөвдүгээр сард эдгээр гурван хүний эсрэг хориг тавьсан юм. 

Хар жагсаалтад орсон гурван хүний АНУ-д төвтэй бүх хөрөнгийг царцааж, ямар нэг хамтын ажиллагааг цуцлахаар болжээ. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам дээрх гурван хүнээс гадна долоон хүний эсрэг хориг тавьсан байна. Үүнд Сингапур, Тайваний иргэд байгаа ба найман аж ахуй нэгж багтжээ. Харин Японы Засгийн газар нэг хүн, гурван аж ахуйн нэгжийг хоригт багтаасан байна. 

НҮБ Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахыг оролдож байгаа ч Хятад, Орос улсууд хориг тавиад байгаа юм. Бээжин болон Москвагийн зүгээс хатуу чанга хориг тавихын оронд яриа хэлэлцээр хийхийг санал болгож, хүмүүнлэгийн гарз хохирол учруулахгүй байхыг уриалж байна. 

Пхеньян хамгийн сүүлд 11 дүгээр сарын 18-ны өдөр тив алгасах хүчин чадалтай алсын зайн пуужингийн туршилт хийснээр жилд хамгийн олон буюу 60 гаруй пуужингийн туршилт хийсэн явдал болсон. Хоригт багтсан Жон Ил Хо, Ю Жин нар үй олноор устгах зэвсгийн хөгжүүлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж, Умард Солонгосын зэвсгийн үйлдвэрлэлтийн газрын дарга, дэд даргын албыг хашиж байгаа ажээ. 

Эх сурвалж: Al Jazeera

Таны сурталчилгаа