Нийслэлд хүйтний эрч хэвээрээ 7 хоновол гэрэл цахилгаан хязгаарлах хэмжээнд хүрч, улаан гэрэл ассаныг сануулж байгаа Б.Чойжилсүрэн сайд баруун бүсийн эрчим хүчний системийн даргаар томилсон П.Баттулгыг бөх гэдэг нь гүтгэлэг, мэргэжлийг нь бол мэдэхгүй гэж мэдэгдлээ. Бөхийн малгай өмссөн зурагтай хүнийг бөх гэх нь гүтгэлэг мөн үү? Олимпизмын сайд цагийг эзэлсэн их сэхээтэн англи, орос хэлтэй Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Богд Зонховын хөшөөг санаачлагч Ц.Цэрэнпунцаг, хотын дарга Д.Сумъяабазар нарыг бөх гэж хэлбэл гүтгэлэгт тооцогдох уу? Улсын цолтой хүнийг бөх гэх нь гүтгэлэг биш бол, аймгийн цолтой хүнийг бөх гэх нь гүтгэлэг мөн, сумын зааныг бөх гэх нь доромжлол болох юм уу? Сайд Б.Чойжилсүрэн П.Баттулгын Увс аймгийн заан болсон амжилтыг бөх хорхойтныхоо хувьд хүлээн зөвшөөрдөггүй юм уу? За, ямар ч байсан Эрчим хүчний сайд аймгийн заан П.Баттулгыг бөх биш гэдгийг нь мэдэж байгаа боловч мэргэжлийг нь мэдэхгүйгээр Баруун бүсийн эрчим хүчний системийн даргаар тавьснаа өөрөө хүлээн зөвшөөрлөө. П.Баттулга нь инженер биш боловч зүтгэлтэй ажиллаж байхаас сийхгүй махлаг жинтэй, гэр орондоо гэрэл чийдэнгээ олон жил сольсон нөр их туршлагатай, цахилгаан гүйдлийн талаар мэдэхгүй байж болох цахилгаан Мөнхөө арсланг мэддэг, 40 нас шахсан хойноо хувийн сургуулийг шал өөр мэргэжлээр ч гэсэн бярдаж мордоод төгсчихсөн намтартай. Тэрбээр бөх гэдэг гүтгэлэгт өртсөн ч эмзэглэхээргүй хүн, бөх биш бөгөөд бөх, сайдад мэргэжлээ хэлэхгүйгээр инженерүүдийг удирдахаар болоод байна.