Гэмт этгээдүүд нэрт дуучин Леди Гагагийн нохой салхилуулагчийг буудаж шархдуулан хайртай амьтдыг нь хулгайлан зугтсан хэрэг өнгөрсөн жил гарсан билээ. Дуучин Леди Гага Густав болон Кожи нэртэй франц бульдог үүлдрийн нохдоо эргүүлж олохын тулд 500,000 ам.долларын шан харамж амлаад байсан юм.
Тухайн үед хулгай дээрмийн хэрэгт холбоотой таван хүнийг баривчилж, гэмт этгээдүүд хулгайлсан амьтдаа Леди Гагагийнх байсныг мэдээгүй хэмээн мэдүүлж, хоёр сарын дараа нэрт дуучин нохдоо олж авч байжээ. Гэмт этгээдүүдийн нэг болох Жеймс Ховард Жэксоныг гэм буруугүй хэмээн суллаад байсан боловч ДНХ-ын шинжилгээгээр түүнийг гэм буруутай болохыг тогтоожээ.
АНУ-ын Лос Анжелес хотод болсон уг хэргийн үеэр Гагагийн нохой салхилуулагч Райн Фишер цээжиндээ буудуулж шархадсан бөгөөд эцсээ хүртэл нохдоо хамгаалахыг оролдсон гэж хэвлэлүүд мэдээлсэн юм.
Жеймс Ховард Жэксоныг хүн амины гэмт хэрэг үйлдэхийг санаатайгаар завдсан, хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг зүйл ангиудад буруутгаж 21 жилийн хорих ял оноохоор төлөвлөсөн байна. Жэксон Фишер рүү хагас автомат гар буугаар бууджээ. Хаалганы хонхны ойролцоох камерт бичигдсэнээр Фишер “бурхан минь би буудуулчихлаа. Цээжнээс минь цус асгарч байна. Туслаарай” хэмээн хашхирсан байна. Түүний салхилуулж байсан гурван нохойны нэг Мисс Ази ойролцоох бутан дунд нуугдаж тухайн үед дээрэмчдийн гараас мултарчээ.
Эх сурвалж: The Guardian