Цаг үеийн мэдээ

ХБНГУ-ын Иллеркирхберг тосгонд 14 болон 13 настай сурагч охид руу хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд халджээ. Эритрей улсаас ирсэн 27 настай орогнол хүсэгч эрэгтэй уг халдлагыг үйлдсэн байна. Халдлагын улмаас 14 настай охин амиа алдаж, 13 настай охин хүндээр шархаджээ. 

Гэмт этгээд Иллеркирхберг тосгон дахь дүрвэгсдийн хуаранд байрлаж байжээ. Цагдаа нар сэжигтнийг халдлага болсон газраас холгүй зэвсгийн хамт олсон ба түүнтэй хамт байсан хоёр эрэгтэйг баривчлан саатуулсан байна. 

Тосгоны цагдаагийн газраас уг хэрэг явдалтай холбогдуулан гаднын иргэд болон орогнол хүсэгчдийг хардаж сэрдэн, таагүй хандахгүй байхыг уриалжээ. Иллеркирхберг нь Германы өмнөд хэсэгт байдаг 5,000 орчим хүн амтай жижиг суурин юм. Тус тосгоны захирагч Маркус Хаусслер бүх оршин суугч уг явдалд багагүй цочирдсон болохыг мэдэгджээ. 

Мөн Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фазер амиа алдсан охины ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж шархадсан охиныг удахгүй эдгэрнэ гэж итгэж буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн хэргийн мөрдөн шалгах ажилд анхаарал хандуулахаа мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа