Аргентин улсын Ерөнхийлөгч асан, өдгөө дэд Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй хатагтай Кристина Фернандез дэ Кришнерийг авлигын гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн ба зургаан жилийн хорих ял шүүхээс оноосон байна. Түүнийг дотны найзтайгаа гэрээ байгуулж, улсын төсвийн мөнгийг албан тушаалаа ашиглан зарцуулсан хэмээн буруутгажээ.
Дэд Ерөнхийлөгч Киршнер хорих ял сонссон ч ялаа эдлэхгүй. Учир нь тэрээр Засгийн газрын өндөр дээд албан тушаал хашиж байгаа тул халдашгүй дархан эрхтэй. Энэ хугацаанд шүүхэд давж заалдах эрх нь нээлттэй юм.
Түүнчлэн шүүх Кристина Фернандезыг бүх насаар нь төрийн алба хаших эрхийг хязгаарласан ч дэд Ерөнхийлөгчийн албан тушаалаа хугацаагаа дуустал үргэлжлүүлнэ. Прокурорууд түүнд анх 12 жилийн ял төлөвлөсөн байна.
Хатагтай Фернандез уг явдлыг өөрийнх нь эсрэг улс төрийн зорилготой санаатай үйлдэл хэмээн буруутгаж байгаа юм. Тэрээр өөрийгөө шүүхийн мафи засаглалын хохирогч гэж мэдэгджээ. Аргентин улсын дэд Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж байхдаа шүүхээс хорих ял сонссон анхны тохиолдол гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Фернандезыг 2007-2015 оны хооронд Аргентин улсын төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа барилгын компанийн захирал Лазаро Баезад албан тушаалаа ашиглан төсвийн мөнгө зарцуулах эрх бүхий гэрээ хийсэн хэрэгт 10 гаруй хүнийг буруутган шалгасан. Лазаро Баезад мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэргээр өнгөрсөн жил 12 жилийн хорих ял оноосон бол бусад холбогдогчдод 3-6 жилийн ял оноосон байна.
Эх сурвалж: ВВС