40 их наядаар тооцогдох нүүрсний хулгайн эздийг олон нийтэд ил болгохыг иргэд шаардан Төв талбайд жагссаар байна. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төв талбайд гарч жагсагчидтай уулзсан ба үүнийхээ дараа хэвлэлд мэдээлэл өглөө.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, буруутай эсэхийн тогтооно. Түүнээс ямар аргачлалаар нүүрсний хулгай хийсэн тэдэн хүн байна гээд, буруутгаж болохгүй. Бид 21 аймаг, 9 дүүргээс мөрдөгч нарыг татаж, төвлөрүүлж байна. 40 гаруй бүрэлдэхүүнтэй баг Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явж байна. Жагсаал хийж байгаа иргэдэд санхүүгийн тайлан болон Хил гаалиар гарсан тээврийн хэрэгслийн бүртгэл жагсаалтуудыг ил болгоё гэж хэллээ. Мөрдөн шалгах ажиллагаа чинь баримт нотолгоонд дээр тулгуурлан хэн нэгнийг буруутгана уу гэхээс, өөрт дуртай, дургүйгээр ангилж байгаад энэ бүгд нүүрсний хулгайчид гэж хэн зарлах юм. Хэн итгэл үнэмшлээрээ тэрийг хийх юм. Үүнийг хийдэг ганцхан л хуультай. Тэр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа хийгдэнэ" гэлээ.