Цаг үеийн мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр /2022.12.12/ мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн "ҮАБ-ын зөвлөлийн зөвлөмжийг ил болгох уу? Энэ зөвлөмжийг гаргасан ҮАБ-ын зөвлөлийн гишүүдийг шалгах уу? гэх асуултад 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Би бол ҮАБ-ын зөвлөлийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг  хэлэх албан тушаалтан биш. Энийг ҮАБ-ын зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Энхбаяраас тодруулах нь зөв байх. ҮАБ-ын зөвлөлийн зөвлөмжөөр аж ахуйн шинжтэй гэрээ хэлэлцээр байгуулах төрийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулж нууцлах энэ асуудлыг л хуулиар хязгаарлаж хориглож өгье гэдэг зохицуулалтыг оруулж байна. 

Дийлэнх зөвлөмжүүд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ҮАБ-ын зөвлөлийг тэргүүлж байх үед гаргасан. Их сонирхолтой баримтууд байдаг юм билээ. 2008 онд хувийн сектор Гашуун сухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь бондын мөнгөөр 280 сая доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгдээд үндсэндээ зогссон. Дараа нь мөн энэ зам дээр дахиж Бодь Интернэшл компанийг оруулж ирж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмжийг гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга гэдэг хүн байгаа. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна. 

Би хэрэг мөрддөггүй, дэмжлэг үзүүлээд мэдээ, мэдээллийг гаргаж өгч агентлаг, яам хоорондын уялдааг хангах ёстой. Би нүүрсний хамгийн том хулгайн хэрэгт шалгагдах ёстой хүн нь хуучин ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан хүн нь гэдгийг хэлэхийг хүсэж байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад таслан сэргийлэх элдэв арга хэмжээ авахыг хуулиар хориглодог. Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсанаар таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг авдаг. Таслан сэргийлэх арга хэмжээнд хилийн хориг тавих, барьцаа батлан даалтад гаргах,  цагдан хорих, эрх хязгаарлалт хийх ийм олон төрлийн арга хэмжээнүүд авдаг. Одоогийн байдлаар офтэйктэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл алга байна. 

Өмнө нь 2017, 2018 онд өөртэйгөө холбоотой өмнө яллагдагчаар татагдан шүүх рүү шилжиж байсан бүх хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ асуудлыг эргэж сэргээж шалгах ёстой гэж бодож байна" гэлээ.

Таны сурталчилгаа