Цаг үеийн мэдээ

Элон Маск өөрийн хувийн онгоцны байршлыг дагасан твиттер хаягийн эзнийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.  Тэрээр энэ үйлдэл нь түүний хүүд аюул учруулсантай холбоотой гэж мэдэгджээ.

Хагас сая гаруй дагагчтай @ElonJet хаягийг лхагва гарагт хаажээ.  Түүний эзэн 20 настай Жек Свини олон нийтэд нээлттэй нислэгийн мэдээллийг ашиглан Маскийн онгоц хөөрч, газардах бүрд жиргэж байжээ.  Маск хэлэхдээ, Свини болон бусад нэр нь үл мэдэгдэх хүмүүсийн эсрэг зарга үүсгэсэн гэж мэдэгдсэн байна.

“Өчигдөр шөнө Лос Анжелес хотод lil X-н (энэ нь Маскийн хүүгийн нэр) машиныг галзуу хүн хөөж (намайг гэж бодож) машины замыг хааж, машин дээр нь авирч гарсан” гэж Маск твиттер хуудсандаа бичжээ. Түүний бодлоор хүмүүсийн биед аюул учруулах магадлалтай байгаа, бодит цаг хугацаанд байршлын мэдээллийн зарласан аливаа аккаунтыг хаах болно гэж тэр хэлжээ.  Харин Жек Свини ВВС-гийн асуултад хариулахдаа энэ үйл явдал өөрийнх нь аккаунтын тавьсан мэдээлэлтэй холбоотой гэдгийг үгүйсгэжээ. Лхагва гарагт түүний аккаунт хаагдсан байсан гэж мэдэгдсэн.

Флорида мужийн коллежийн оюутан Жэк Свини мэдэгдэхдээ Твиттер сүлжээ сайтар шалгаж үзсэний үндсэн дээр нийгмийн сүлжээний дүрмийг зөрчсөн гэж үзэн түүний хаягийг бүрмөсөн хаах шийдвэр гаргасан тухай мэдэгдлийн скриншотыг хуваалцжээ. Оюутан нь Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос, Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг зэрэг чинээлэг америкчуудын хувийн нислэгийг хянадаг олон арван аккаунтыг ажиллуулдаг байна. Эдгээр хаягуудын ихэнхийг, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Путины нисдэг онгоцуудыг бүртгэдэг хаягийг лхагва гарагийн үдээс хойш хаасан байна.  Твиттерийн эзэн өмнө нь  ч @ElonJet хаягт сэтгэл хангалуун бус байсан бөгөөд түүнийг устгахын тулд Жек Свинид 5000 доллар санал болгосон тухай мэдээлж байжээ.

Твиттерийн лавлах төв нь "Та бусдын хувийн мэдээллийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж болохгүй" гэсэн шинэчилсэн бодлогоо нийтэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа