Этиопын эрдэмтэн Абрам Меарегийн хүү Мета компанийг шүүхэд өгсөн байна. Шүүхэд Facebook-ийн алгоритм нь Этиопын иргэний дайны үед үзэн ядалт, хүчирхийллийн тархалтад нөлөөлсөн гэж үзэж байна. Олон нийтийн сүлжээгээр Абрамын тухай постууд болон түүний хувийн мэдээллийг илчилсэн мессежнүүд тарсны дараа түүний аав руу зэвсэгт этгээдүүд халдсан байна.
Уг нэхэмжлэлийг Кенийн Дээд шүүхэд гаргажээ. Энэ нь тус улсын нийслэл Найроби хотод Мета компанийн хамгийн том аутсорсингийн төвүүдийн нэг байрладаг бөгөөд тэр нь Этиопын үндсэн хэлүүд дээрх Facebook нийтлэлүүдийг зохицуулдаг байна.
Нэхэмжлэл гаргагчид нь Мета компаниас Facebook-ээс үүдэлтэй үзэн ядалтын хохирогчдод зориулж 2 тэрбум долларын сан байгуулах, мөн платформын алгоритмд өөрчлөлт оруулахыг шаардаж байна.
Мета компани нь хэн нэгнийг доромжилсон, үзэн ядсан постуудыг арилгахын тулд зохицуулалт хийх технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдэгдсэн. Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, үзэн ядсан, хүчирхийллийг өөгшүүлсэн үг хэллэг нь тус платформын дүрэмд харшлах болно хэмээн мэдэгджээ.
Сүүлийн хоёр жилийн турш Этиоп улс холбооны засгийн газар болон хойд Этиоп дахь Тигрэй Ардын Чөлөөлөх Фронтын хооронд дайн өрнөж байна. Энэ дайны үр дүнд олон зуун мянган хүн хохирч, хүмүүнлэгийн гүн хямралд хүрсэн. НҮБ-ын мэдээлснээр Тигрэй мужийн оршин суугчдын бараг 90% нь хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа бөгөөд нутгийн хүүхдүүдийн гуравны нэг нь хоол тэжээлийн дутагдалд орсон байна.
Абрам Меарег аавыгаа тус улсад газар авсан хүчирхийлэлд өртсөн олон хүний нэг гэж үздэг. 2021 оны 11-р сарын 3-нд профессор Меарег Амаре Абрха их сургуулиасаа гэртээ харьж байжээ. Түүний араас мотоцикль унасан зэвсэгт хүмүүс иржээ. Түүнийг байшинд ойртоход тэд түүнийг ойрын зайнаас бууджээ. Энэ үйл явдлын гэрчүүд байсан ч халдагчдын заналхийллийн улмаас аврах оролдлого хийж чадаагүй байна. Профессор долоон цаг газар хэвтэж цус алдан нас барсан байна.
Түүний хүүгийн ярьснаар халдлага болохоос өмнө фейсбүүкээр аавыг нь гүтгэсэн, хувийн мэдээллийг нь ил болгосон постууд тарсан байна. Гэр бүлийнхэн нь гомдлын автомат системээр дамжуулан Facebook-ийн модераторуудад гүтгэлгийн шинжтэй нийтлэлийн талаар гомдол гаргасан ч платформ дээрх бичлэгүүдийг устгаагүй гэж Абрам мэдэгджээ. Нийтлэлүүдийн нэг нь профессорыг хөнөөсний дараа устгагдсан бол нөгөө нь 2022 оны 12-р сарын 8-нд буюу аллага үйлдсэнээс хойш жил гаруйн устгагдаагүй хэвээр байжээ. "Хэрвээ Facebook үзэн ядалтын нийтлэлүүдийг зохицуулан устгасан бол миний аав одоо амьд байх байсан" гэж Абрам хэлжээ.
Тэрээр Мета компаниас уучлалт гуйхыг шаардаж, өөр ямар ч гэр бүл түүн шиг хохирохгүй байхыг хүсэж байна. Тэрээр мөн Африк дахь Facebook-ийн контентын зохицуулалт нь Этиопын гол хэл дээр ажилладаг хэтэрхий цөөхөн модераторуудтай тул "маш хангалтгүй" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC