Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ сарын 13-нд явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гишүүн Н.Учрал, Д.Тогтохсүрэн, Т.Аубакир, С.Ганбаатар, М.Оюунчимэг, Э.Батшугар, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Уул уурхайн биржийг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн бүтцэд ажиллуулахаар төлөвлөж буйтай холбогдуулан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг олон нийтээс буцаан худалдан авч дахин хуваарилах, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд нэмж олгох талаар ямар боломж байгааг тодруулсан юм. Үүнд Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эдийн засгийн эргэлтэнд ороогүй, хаалттай хэвээр байгаа. Хэрэв компани өөрөө санаачлаад, хувьцаагаа идэвхжүүлэх, дахин хуваарилах бол эргүүлж худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлж болдог гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал биржийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог хангах талаар асууж тайлбар авсан бол гишүүн Д.Тогтохсүрэн арилжаанд оролцогчид хөрш орнуудын болон дэлхийн биржүүд дээр, мөн олон улсын арилжаа эрхлэгчид Монголын Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр гарах боломжтой эсэх, мөн Монголын нүүрсний чанар олон улсын стандартад нийцэх эсэхийг лавлаж, харин гишүүн Т.Аубакир Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн арилжааны платформын хурд, хүчин чадлын талаар тодруулга авсан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, дэд сайд О.Батнайрамдал, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай нар гишүүдийн асуултад тодорхой тайлбар өгсөн юм. Хуулийн төсөлд уул уурхайн бирж төрийн өмчийн оролцоотой байхаар заасан бөгөөд хувийн хэвшлийн компаниуд, тэр дундаа технологи хөгжүүлэгч нартай хамтран ажиллах боломж нээлттэй байхаар зохицуулж буй юм. Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн арилжаанд гадаад, дотоодын ямар ч худалдан авагч оролцох боломжтой тус биржийн ашиглаж буй Millenium IT программ хангамж дэлхийн томоохон биржүүдэд хэрэглэгддэг бөгөөд арилжааны зохих шаардлагад нийцсэн ажээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өмчлөл, засаглал, техник эдийн засгийн үндэслэлийн талаар лавлаж, авлигаас сэргийлсэн механизм хуулийн төсөлд оруулсан эсэх талаар асуув. Мөн нүүрсний хилийн үнийн тухай, алт, зэс зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний биржийн арилжааг хэзээ эхлүүлэх, бирж байгуулахад гарах зардлыг хэрхэн шийдвэрлэх гэх мэт асуулт тавилаа. Үнийн асуудлыг мөн гишүүн М.Оюунчимэг, Т.Энхтүвшин нар ч нэмж асуусан юм.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 34 хувийг олон нийтэд арилжаалж, нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэлээ хангаад байгааг болон Уул уурхайн бүтээгдэхүүний бирж мөн төрийн өмчийн оролцоотой, олон нийтийн, нээлттэй компани байна гэдгийг тайлбарлалаа. Биржийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүний дөрөв нь хараат бус гишүүд байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариулт өгөв. Өчигдөр /2012.12.14/ болсон Засгийн газрын хуралдаанаар “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан бөгөөд энэ журамд цахимаар арилжаалах нүүрсний үнийг эхэндээ олборлон борлуулагч тал санал болгохоор заасан бөгөөд цаашдаа хуулийн дагуу Уул уурхайн бирж зарлах юм. Ингэхдээ хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлахаар төсөлд тусгаад байгаа юм.
Түүнчлэн гишүүн Э.Батшугар дериватив гэрээний арилжаа болон шорт селлинг буюу бүтээгдэхүүний үнэ савлагаатай байх үед хийгддэг богино хугацаатай хэлцлүүдээр арилжаа хийх боломж бий эсэх, мөн зах зээлийг урвуулан ашиглах гэмт хэргээс сэргийлэх талаарх зохицуулалт хуулийн төсөлд туссан эсэхийг асууж, хариулт авсан юм. Ажлын хэсгийн мэргэжилтнүүд Уул уурхай уурхайн биржийн арилжаанд эхний ээлжинд спот, форвард гэрээний хэлбэрүүд буюу шууд арилжааны хэлцлүүд илүүтэй хэрэглэгдэнэ гэсэн таамаглалтай байгааг Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн дурдав.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр гаргаж, цөөнх болсон зарчмын зөрүүтэй саналаа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр татаж авлаа. Энэ нь Уул уурхайн биржийн 66-аас доошгүй хувь нь төрийн өмчлөлд байх тухай санал байсан юм. Гэхдээ тэрбээр саналаа 34 хүртэл хувь гэж өөрчлөх нөхцөлөөр татсан бол гишүүн Т.Энхтүвшин мөн ийм саналтай байсан бөгөөд биржийн хувьцааны 66 хувийг олон нийтэд санал болгох ёстой гэлээ. Харин гишүүн Б.Пүрэвдорж 51 хувийг төрдөө үлдээж, 34 хувийг олон нийтэд арилжаалаад, 15 хувьд нь Лондоны үнэт металлын, Далианы таваарын бирж гэх мэт стратегийн хөрөнгө оруулагчдыг оруулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсний дээр биржийн арилжааг төгрөгөөр хийх нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний валютын үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэсэн юм.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тус Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав. Зарим нэр томъёог жигдэлж тодорхой болгох, биржээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалахад спот, форвард болон фьючерс, опцион гэсэн дөрвөн төрлийн гэрээ байгуулж, арилжааны гэрээний хариуцлагыг брокер хариуцах, төлбөр тооцоог үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгэх ба спот, форвард гэрээний хувьд дотоодын арилжааны банкаар гүйцэтгэж болох, спот гэрээгээр арилжаалах бүтээгдэхүүнийг биржийн итгэмжлэгдсэн терминалд байршуулах, бүртгэх, мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар шинэ заалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй 40 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүн Б.Энхбаяр нар тус тус танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэлд, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь 1996 онд батлагдсанаас хойш нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаж, өмчийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарсныг онцолсон юм. Түүнчлэн өнөөдрийн хүртэлх хугацаанд тус хуульд нийт 33 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хуулийн зохицуулалтын нэгдмэл цогц байдлыг алдагдуулахад хүргээд байгааг гишүүн Ж.Сүхбаатар илтгэлдээ тэмдэглэв.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, төрийн нийтийн, тусгайлсан өмч, мөн орон нутгийн өмч гэсэн ангиллаар ялган тодорхойлсон гэж тэрбээр танилцууллаа. Өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын эрхийн хэмжээг шинэчлэн тодорхойлж, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, харилцан уялдааг хангахад анхаарсан байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг хөрөнгийн эрхийн нийтлэг ба онцлог байдлаар нь шинээр ангилж, төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодруулан, өмчийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах төрийн хяналтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн өмчийн хяналт, шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх хяналтын журмыг нарийвчлан тодорхойлж, төрийн болон орон нутгийн өмч, түүний хөдөлгөөн, тооллого, тайлан болон хяналт шалгалттай холбоотой мэдээллийг төвлөрүүлсэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ажиллахаар хуулийн төсөлд тусгасан гэж Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар дурдсан юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулав. Тус хуралдаанд тэрбээр, эдгээр төслийг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлтэй нэгтгэн нэг Ажлын хэсэг байгуулж ажиллуулах санал гаргасан байна.
Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Х.Булгантуяа, Д.Батлут нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд төрийн өмчит компанийн засаглалын өнөөгийн байдал болон нөхцөл байдлыг сайжруулах ямар шинэ зохицуулалт оруулж байгаа талаар голчлон асуулт тавив. Ялангуяа Эрдэнэс Монгол компанийн статусын тодорхой бус байдлыг шүүмжилж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон тус компанийн эрх, үүргийн давхардлыг арилгах талаар ажиллахыг зөвлөж байлаа. Мөн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу “төрийн нийтийн өмч”-ийн харилцааг энэ хуульд нарийвчлан тусгах шаардлагатай гэсэн санал дэвшүүлсэн юм.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, төрийн өмчит компаниуд дээр засаглалын зарчим алдагдсан байгааг хүлээн зөвшөөрч, үр өгөөжтэй ажиллах, ашиг бий болгох зэрэг үндсэн зарчмууд хуулийн төсөлд туссаныг танилцуулав. Компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлүүдэд төрийн төлөөллийг яам, төрийн өмчийн асуудал эрхэлсэн агентлаг хэрэгжүүлдэг. Энэ тогтолцоог өөрчилж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгч нь ингэж олон хуваагдсан байдалтай байж болохгүй, аль нэг нь дангаараа хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн томъёоллоор төсөлд тусгасан гэж Б.Цэнгэл дарга дурдлаа. Ингэж дагнасан, мэргэжлийн, нэгдмэл байдлаар төрийн өмчит компанийг удирдах ёстой гэсэн зөвлөмжийг олон улсын зөвлөх байгууллагууд ч өгсөн байна. Түүнчлэн, хуулийн төсөлд төрийн нийтийн болон төрийн өөрийн өмчийн бүртгэлийг нэгдсэн байдлаар хийхээр тусгасан бөгөөд өмчийн байцаагч гэсэн шинэ орон тоог бий болгохоор төсөлд тусгасныг Ажлын хэсгийн гишүүд танилцууллаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төсөлд төрийн өмчийн харилцааны суурь асуудлуудыг нарийвчлан тусгаж, төрийн нийтийн өмч, төрийн өөрийн өмчийн ялгааг сайн гаргаж хуульчлах шаардлагатайг Ажлын хэсэгт анхааруулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Маргаашийн нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.