Баасан гарагт нэг сая литрийн багтаамжтай "AquaDom" аварга том аквариум хагарсан ба дотор нь 1.5 мянга орчим загас байжээ.
Энэхүү аквариум нь зочид буудлын төвд байрладаг бөгөөд Берлин хотын сонирхолтой үзмэрүүдийн нэг байжээ. Далайн усаар дүүргэсэн аварга том устай савны голд цахилгаан шат байсан бөгөөд зарим өрөө түүн рүү гардаг байжээ. "AquaDom" нь дэлхийн хамгийн том цилиндр хэлбэртэй аквариум гэдгээрээ Гиннесийн амжилтын номд бичигджээ.
Өнгөрсөн бямба гарагт хууль сахиулах байгууллагуудын нэрийн өмнөөс нийтэлсэн хуурамч жиргээ олон нийтийн сүлжээгээр тархаж, хэрэг үйлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд хүмүүсийг уриалсан байна. Гэвч цагдаагийн эх сурвалжийн сэтгүүлчдэд мэдээлснээр одоогоор энэ үйл явдал хэн нэгний хорлонтой санаанаас болсон гэх нотлох баримт алга байна.
Аквариум хагарсны дараа зочид буудал усанд автаж, хөрш зэргэлдээх гудамжнууд усаар дүүрчээ. Шилний хэлтэрхийнд оногдож хоёр хүн бэртсэн байна. Өглөө эрт, бараг хэн ч байхгүй байхад энэ хэрэг гарсан тул олон тооны хохирогчоос зайлсхийсэн гэж үзэж байна. Хэрэв энэ бүхэн өглөөний 5:45-д биш, ядаж нэг цагийн дараа болсон бол олон хүний амь эрсэдсэн аймшигт явдал болох байсан.
Аквариумд байсан загасны ихэнх нь үхсэн боловч зарим нь аврагдаж чаджээ.
Амьтны эрхийг хамгаалах "Help for Animals in Need" байгууллага загасны амь насанд эрсдэлтэй тул шинэ аквариум дахин барихгүй байхыг уриалсан онлайн өргөдөл гаргажээ.
Үүний зэрэгцээ эрх баригчид хэрэг явдал болсон шалтгааныг тогтоохыг оролдож байна. "AquaDom" анх 2003 оны 12-р сард нээгдсэн бөгөөд барилгын ажилд 12.8 сая евро зарцуулсан гэж мэдээлж байсан. 2020 онд аквариумд засварын ажил хийгдсэн байна. Берлиний хувьд энэ өвөл мэдэгдэхүйц хүйтэн байгаа (хасах 6 хэм) нь аквариумд ан цав үүсэхэд хүргэсэн байж болзошгүй гэсэн таамаг хэвлэлээр гарч байна. Энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна.
Берлиний эрх баригчдын хэвлэлийн төлөөлөгч Арис Спрангер DPA мэдээллийн агентлагт хэлэхдээ, анхны шинж тэмдгүүд нь "материалын элэгдэл" байгааг харуулж байна гэж мэдэгджээ.
Аквариум барихад оролцсон Америкийн Reynolds Polymer Technology компани ослын шалтгааныг тогтоохоор Берлин рүү мэргэжилтнүүдийн багийг илгээнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC