Цаг үеийн мэдээ

Ираны эрх баригчид алдартай жүжигчдийн нэг болох Таране Алидостиг жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлснээсээ болж баривчилжээ. Түүнийг улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаалын талаар "худал мэдээлэл тараасан" хэргээр буруутгажээ.

Жүжигчин Таране Алидости үймээнийг дарах Ираны засгийн газрын ажиллагааг илэн далангүй шүүмжилж, 11-р сард хижабгүй авхуулсан зургаа Инстаграм хуудсандаа нийтэлж жагсагчидтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.  Тэрээр өнгөрсөн долоо хоногт инстаграм хуудсандаа засгийн газрын эсрэг жагсагчдын нэгийг цаазалсан явдлыг буруушааж нийтэлсэн байна.  Тэрээр өмнө нь олон улсын байгууллагуудыг Мохсен Шекариг цаазлахаас сэргийлж чадаагүй гэж шүүмжилж байсан. Тухайн хүнийг арванхоёрдугаар сарын 8-нд засгийн газрын талыг баримтлагч хагас цэрэгжүүлсэн Басиж бүлэглэлийн гишүүн рүү дайрч, Тегераны гудамжинд замын хөдөлгөөнд саад учруулсан хэрэгт буруутган дүүжлэн хороожээ. "Түүнийг Мохсен Шекари гэдэг байсан. Энэ цус урсгасан байдлыг ажиглаж, ямар ч арга хэмжээ авдаггүй олон улсын байгууллага бүр хүн төрөлхтний гутамшиг юм" гэж Таране бичжээ.

Төрийн мэдлийн IRNA агентлагийн мэдээлснээр, жүжигчин бүсгүйг "өөрийн бичсэн мэдээлэлдээ ямар ч нотлох баримт бичиг" гаргаж чадаагүйн улмаас цагдаа нар баривчилсан гэж мэдээлжээ.

Найман сая гаруй дагагчтай байсан жүжигчин бүсгүйн хаяг саяхан устгагдсан байна. 38 настай Таране Алидости бол Ираны хамгийн амжилттай жүжигчдийн нэг юм.  Тэрээр 2016 оны Оскарын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд шалгарсан "The Salesman" кинонд хамтран тоглосон.

Энэ жил дэгдсэн эсэргүүцлийн жагсаал бол 1979 оны хувьсгалаас хойш Ираны дэглэмд тулгарсан хамгийн том сорилтуудын нэг юм. Есдүгээр сарын 16-нд 22 настай Махса Амини цагдаагийн газарт нас барсны дараа Иранд эсэргүүцлийн давлагаа эхэлжээ. Энэ давлагааг зогсоож чадаагүй Ираны эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг үймээн самуун гэж нэрлэж, бүх зүйлийг өөрсдийн гол дайсан болох АНУ, түүнчлэн тэдний холбоотон, ялангуяа Израил, Их Британид тохож байна. Үүний зэрэгцээ Ираны эрх баригчид эрдэмтэд, сэтгүүлчид, хуульчид зэрэг олон мянган эсэргүүцэгчдийг аль хэдийн баривчилж, жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэж байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээллийн агентлагийн (Human Rights Activists' News Agency) мэдээлснээр одоогийн байдлаар аюулгүй байдлын хүчнийхэн 488 гаруй жагсагчийг хороож, 18,259 хүнийг баривчилсан байна. Тус агентлаг мөн аюулгүй байдлын хүчний 62 ажилтан амиа алдсан тухай мэдээлсэн байна.

 Хүний эрхийн байгууллагууд жагсагчдад цаазаар авах ял оноох шүүх хурлыг зохих журмын дагуу явуулалгүй шийдвэрлэж байна гэж үзэж байна.

Жилд оногдуулсан цаазаар авах ялын тоогоор Иран улс Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд 2017 оноос хойш анх удаа энэ жил жилд 400-г давсан байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа