Афганистан улсын нийслэл Кабул хотыг хойд мужуудтай холбодог авто замын Саланг хонгилд өнгөрсөн бямба гарагийн шөнө гал гарчээ. Хонгилоор гарч байсан газрын тос тээвэрлэгч машин осолдсоны улмаас гал гарсан байна.
Галын улмаас багадаа 19 хүн амиа алдаж, олон арван иргэн гэмтэж шархаджээ. Хонгилд байсан бусад тээврийн хэрэгслүүд галд өртсөн ба ням гарагийн өглөө галыг бүрэн унтраасан байна. Ослын улмаас зарим хохирогчдын цогцос танигдах аргагүй болтлоо шатжээ.
Одоогоор аймшигт ослын улмаас 32 хүн гэмтэж шархадсан тухай мэдээлсэн ч хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулсан байна. Аврах ажиллагаа явагдаж байгаа тул Саланг хонгилын замыг хаажээ.
Уг хонгил нь 2,6 км урт бөгөөд далайн түвшнээс дээш 3,400 метрт байрладаг байна. 1960-аад онд баригдсан хонгил хэд хэдэн удаагийн осол болон цасан нурангиас болж хаагдаж байсан удаатай. Тухайлбал 1982 онд гал гарч 400 гаруй хүн амиа алдаж байжээ.
Эх сурвалж: ВВС