БНСУ-д ойрын жилүүдэд ганц бие дундаж насны эрчүүд нас барах явдал тулгамдсан асуудал болоод байгаа ажээ. Ганц биеэрээ, дундаж насны эрчүүд нас барснаасаа хойш хэд хоног цаашлаад хэдэн долоо хоногийн турш бусдад мэдэгдэлгүй өнгөрөх болсон байна.
Хүн амын насжилт хурдтай нэмэгдэж байгаа тус улсад ойрын жилүүдэд “ганцаардсан үхэл” гэж нэрлэгдээд буй уг үзэгдэлтэй тэмцсээр байгаа юм. Уг нэр томьёо нь хэн нэгэн ганцаараа амьдардаг хүн гэр бүл, төрөл төрөгсдөөсөө холбоогоо тасалсан байдаг тул амиа егүүтгэх юм уу өвчнөөр нас барсан тохиолдолд багагүй цаг хугацааны дараа цогцос нь олдох явдлыг нэрлэдэг байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд иргэд ганцаараа нас барах явдал жил ирэх тутам нэмэгдсээр байгаа аж. Үүнд хүн амын хямрал, нийгмийн халамжийн цоорхой, ядуурал, ганцаардал зэрэг хэд хэдэн салбар нөлөөлжээ. Тэр тусмаа ковид цар тахал гарснаас хойш энэ тоо огцом нэмэгдсэн байна.
Тухайлбал 2017 онд ганцаараа амьдардаг 2,412 хүн нас барсан бол 2021 онд 3,378 хүн нас баржээ. Өмнөд Солонгосын Эрүүл мэнд болон Халамжийн яам уг үзэгдэлтэй тэмцэх таван жилийн бодлого төлөвлөсөн байна. 2021 онд хийсэн судалгаагаар ганцаараа амьдарч байгаад нас барсан эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 5,3 дахин их байгаа аж. Мөн эдгээр хүмүүсийн 60 хүртэл хувь нь 50-60 насныхан байна.
Эх сурвалж: CNN