Тайландын буланд хүчтэй салхин шуурганы үеэр цэргийн зориулалттай HTMS Сухотай усан онгоц хөмөрч живсэн. Усан онгоцон дээр байсан зуу гаруй далайчны 75-ыг нь аварсан ч 31 нь одоог хүртэл сураггүй байна.
Тус улсын тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр сураггүй болсон далайчдын эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ажээ. Далайн шуурганы үеэр ням гарагийн шөнө хөлөг онгоцны эрчим хүчний хяналтын хэсэг усанд автсаны улмаас хөлөг живсэн байна.
Даваа гарагт аврах ажиллагаа үргэлжилж нисэх хүчин нэмэлт тусламж үзүүлжээ. Адмирал Погкрон Монтардпалины өгсөн мэдээллээр Тайланд улсын тэнгисийн цэргийн хүчний түүхэнд анх удаа ийм осол тохиолдсон байна. Тэр дундаа идэвхтэй ашиглагдаж буй хөлөг онгоц живсэн тохиолдол өмнө гарч байгаагүй аж.
Аврагдсан хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа таван далайчныг агаарын замаар тээвэрлэж эмнэлэгт хүргэсэн байна. Зарим далайчид амиа аврахын тулд хөлөг онгоцноос үсэрч аврах салан дээр аврагчдыг ирэхийг хүлээж байжээ. Хөлөг живэх үед далайн давлагаа бараг гурван метр өндөрт хүрсэн байна.
Сухотай хөлөг Прачуап Кири Хан мужийн Банг Сафан эргээс зүүн тийш 32 км-т харуулын үүрэг гүйцэтгэж байгаад далайн шуурганд өртжээ.
Эх сурвалж: ВВС