БНХАУ тэг-ковид бодлогыг халснаар сая орчим иргэн коронавирусийн улмаас нас барна гэж Хонконгийн их сургуулийн шинжээчид мэдээлсэн байна. Тус сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Хятадын Засгийн газар гурван жилийн турш баримталсан өртөг зардал ихтэй хатуу чанга хөл хорионы дэглэмийг сулруулахад бэлтгэл сул байгаа гэж үзжээ.
Эдийн засгийг хүнд байдалд царцаасан хатуу хөл хорио, бүх нийтээр шинжилгээнд хамруулах, тусгаарлах бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал энэ сарын эхэнд томоохон хотуудад болсон. Үүний дараагаас эрх баригчид бодлогоо сулруулах шийдвэр гаргасан билээ. Гэвч иргэд төдийгүй эрх баригчид ковидтой өдөр тутмын амьдралд хараахан гүйцэд бэлэн биш гэж шинжээчид дүгнэж байна.
Тодруулбал ахмадуудын вакцинд хамрагдсан хувь, эмнэлгийн багтаамж, вирусийн эсрэг эм бэлдмэлийн хүрэлцээ муу байгаа гэжээ. Энэ нь улс орон даяар сая хүн ам тутамд 684 хүн, нийт 1,4 тэрбум хүн амын 964,400 нь ковидын улмаас нас барна гэсэн тооцоо судалгаа гаргахад хүргэсэн байна.
Бүх мужуудад хөл хориог сулласнаар эмнэлгийн хэрэгцээ шаардлага 2,5 дахин нэмэгдэх ажээ. Иргэд вакцинжуулалт болон вирусийн эсрэг эм хэрэглэхээс татгалзвал нөхцөл байдал улам дордоно гэж үзсэн байна. Хэрэв нийт иргэдийн 85 хувь нь вакцины дөрвөн тун тариулбал нас баралт 26-35 хувиар буурна гэж судлаачид таамаглаж байна.
Бээжингийн эрх баригчдын даваа гарагт мэдээлснээр ковидын халдварын тархалт болон нас баралт сүүлийн 24 цагийн хугацаанд хамгийн өндөр бүртгэгдсэн байна. Түүнчлэн ирэх хоёрдугаар сарын сүүлчээр цагаан сарын баяр эхлэхтэй холбогдуулан халдварын гурав дахь давлагаа улс орныг хамарна гэжээ.
Эх сурвалж: CNN