Цаг үеийн мэдээ

Афганистаны төрийн эрхийг авсан Талибаны зэвсэгт бүлэг эмэгтэйчүүдэд уян хатан хандана гэсэн амлалт өгч байсан ч алхам алхмаар охид эмэгтэйчүүдийн эрхийг хаан боогдуулж байна. Тус бүлэг охид эмэгтэйчүүдийг их сургуулийн боловсрол эзэмших эрхийг хориглосноо мэдэгджээ. 

Гурван сарын өмнө буюу хичээлийн шинэ жилийн эхэнд олон мянган охид эмэгтэйчүүд их сургуульд элсэх шалгалт өгсөн юм. Гэвч Талибаны эрх баригчид эмэгтэйчүүдийг шинжлэх ухаан, инженер, эдийн засаг, газар тариалан, сэтгүүл зүйн чиглэлээр суралцахыг хориглоод байсан. Мөн өнгөрсөн жилээс эхлэн их сургуулийн ангиудад хүйсээр ялгаварлан оюутнуудыг суралцуулж, эмэгтэй оюутнуудад зөвхөн эмэгтэй багш болон ахмад профессоруудыг хичээл орохыг зөвшөөрсөн юм. 

Гэвч энэ удаад эмэгтэйчүүдийг академийн түвшний боловсрол эзэмшихийг хориглосон шийдвэр гаргаснаар эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Энэ тухай мэдээг сонссон эмэгтэй оюутнууд цурхиран уйлж байгаа тухай ВВС агентлаг мэдээлжээ. 

Афганистаны Боловсролын яам уг шийдвэрийг танилцуулсныхаа дараа аль болох түргэн хугацаанд хэрэгжүүлнэ гэжээ. Тус улсын боловсролын салбар олон улсын дэмжлэг тусламж дээр төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг бөгөөд эмэгтэй хүүхдүүдийг бүрэн дунд шатны боловсрол эзэмшихийг хориглосны дараа олон улсын байгууллагууд дэмжлэг тусламжаа эргүүлэн татаж, гар сунган туслахаа зогсоосон юм. Үүний улмаас олон багш мэргэжилтэн хэдэн сарын турш цалингүй хичээл зааж байгаа ажээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа