Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский АНУ-ын нийслэл Вашингтонд айлчлахаар хэдийн замдаа гарсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тэрээр цагаан ордонд Ерөнхийлөгч Жо Байдентай өнөөдөр уулзах юм байна.
ОХУ Украины нутагт цэргээ оруулснаас хойш анх удаа Зеленський гадаад улсад, тэр дундаа Вашингтонд айлчилж байгаа нь энэ юм. Хоёр улсын төрийн тэргүүнүүд хамтран Америкийн Конгресст үг хэлэхээр төлөвлөжээ.
Одоо мэдэгдэж байгаагаар Зеленськийн айлчлалын үеэр Байден Украинд 1,8 тэрбум ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлэхээ мэдэгдэнэ. Орос, Украины дайн эхэлснээс хойш Вашингтон Киевт ойролцоогоор 20 тэрбум ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлээд байгаа ажээ.
Цагаан ордны зүгээс айлчлал болон аюулгүй байдлын тусламж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Түүнчлэн Зеленськийг замдаа гарч аяллаа эхлүүлэх хүртэл айлчлалтай холбоотой мэдээллийг нууцалсан байна.
Эх сурвалж: CNN