“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол /2022.12.21/ боллоо.
Ерөнхий хяналтын сонсголд дөрвөн сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудаас бэлтгэсэн үндсэн зургаан илтгэл, мэдээллийг сонсохоор төлөвлөснөөс Сангийн болон Зам, тээврийн хөгжлийн сайд нар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-д томилогдсон Бүрэн Эрхт төлөөлөгчдийн илтгэл мэдээллийг сонсоод байна. Урьдчилан бүртгүүлсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл болон иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, жагсагчид болон улс төрийн намын төлөөлөл болох 225 хүн оролцож байгаа ерөнхий хяналтын сонсгол Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал танилцууллаа.
Нүүрс экспортлох үйл ажиллагаанд тус байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын тухай мэдээлэлдээ тэрбээр, талуудын бүртгэлийн аргачлал, гаалийн хууль, журам, горимын онцлогоос хамаарч нүүрс төдийгүй бусад бараа бүтээгдэхүүн ч тэр болгон тохирохгүй, аль аль талдаа зөрүү гарах тохиолдол байдаг гэсэн юм. Түүний мэдээлэлд дурдсанаар, 2010-2011 онд улсын хилээр 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй байна. Мөн, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2,527 тээврийн хэрэгсэл 17,149 удаа улсын хилээр хоосон гарсан, Тавантолгой ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай байгуулсан 21 аж ахуйн нэгжийн худалдах, худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонноор илүү гарсан, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон зэрэг асуудлууд тогтоогджээ. 2018-2022 оны дөрөвдүгээр сарыг дуусталх хугацааг хамруулсан шалгалтаар мөн 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна. Эдгээр асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд өгсний зэрэгцээ Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, нягтлан шалгах, эцэслэн тогтоохоор хамтран ажиллаж байна хэмээн Р.Отгонжаргал дарга танилцууллаа.
Монгол Улс 2019-2022 онд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Булган зэрэг боомтуудаар БНХАУ, Их Британи, Сингапур, БНСУ, ОХУ, ХБНГУ, Хонгконг, Испани зэрэг улсууд руу чулуун нүүрс экспортолжээ. Үүний 92.1-98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна. Иймд Гаалийн ерөнхий газраас БНХАУ-ын Гаалийн байгууллагатай зарим бараа бүтээгдэхүүний статистик зэрэгцүүлэлтийг жил тутамд хийж, гарч байгаа зөрүүнд нөлөөлсөн хүчин зүйлсэд талуудын уулзалтаар дүн шинжилгээ, тодотгол хийдэг тухай тэрбээр ярив. Гарч буй зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийх, тулгамдсан эрсдэлт хүчин зүйлсийг тогтоож, цаг алдалгүй хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, 2019 оноос хойш хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийг эрчимжүүлж, нүүрсний экспортын бүртгэл, хяналтыг сайжруулах чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа ажээ.