Цаг үеийн мэдээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын цэргүүд эх нутагт нь дайран орсноос хойш 11 сарын хугацаанд анх удаа гадаад улсад айлчлал хийж өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтонд газардлаа. Тэрээр айлчлалынхаа эхэнд Америкийн Ерөнхийлөгч Жо Байдентай хоёр талт уулзалт хийж, конгрессын танхимд үг хэлсэн байна.

Зеленський Америкаас аюулгүй байдлын нэмэлт тусламж үзүүлэхийг хүссэний дагуу Байден Патриот пуужингийн систем зэрэг агаарын хамгаалах зэвсэг техникийн 1,58 тэрбум ам.долларын тусламж нэмж үзүүлэхээ мэдэгджээ. Түүнчлэн Америкийн төрийн тэргүүн хэрцгий дайны эсрэг Украины талд зогсохоо илэрхийлсэн байна. 

Түүнчлэн НҮБ Украины хүмүүнлэгийн санд 20 сая ам.доллар нэмж байршуулахаар болжээ. Үүгээр Украинд хүмүүнлэгийн хямралд ороод буй ард иргэдэд тусламж үзүүлэх юм байна. 

Конгресст хэлсэн үгэндээ Зеленський Украин улс амьд үлдэхийн төлөө үргэлжлүүлэн тэмцсээр байх бөгөөд дайнд Оросын талд хэзээ ч бууж өгөхгүй хэмээн мэдэгджээ. Мөн Америкийн үзүүлж буй тусламж дэмжлэгийн мөнгө жирийн хандив биш гэдгийг ойлгохыг хүсжээ. Ярианыхаа төгсгөлд Америкийн ард түмэнд зул сарын баярын мэнд дэвшүүлж, Украины олон гэр бүл зул сарын баярыг ердөө лааны гэрэлд суун өнгөрүүлж буйг дурдсан байна. 

Энэ хооронд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Кремл дайнд огт буруугүй ба энэ бол гуравдагч орны  бодлогын буруу гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: The Guardian, ВВС

Таны сурталчилгаа