Цаг үеийн мэдээ

Балбын дээд шатны шүүх Францын цуврал алуурчныг суллах шийдвэр гаргажээ. Уг этгээдийг суллагдсан даруйдаа 15 хоногийн хугацаанд Балбыг орхин гарч эх нутагтаа буцахыг шаардсан байна.

Энэтхэг, Вьетнам гаралтай Францын иргэншилтэй 78 настай Чарльз Собхраж хоёр жуулчин бүсгүйн амийг хороосон хэргээр баригдаж, Балбын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонсоод байсан юм. Түүний 1970-аад оны үед үйлдсэн хэргээр BBC суваг Netflix-тэй хамтран “the Serpent” цувралыг бүтээжээ.

Уг этгээд нь Балбаас гадна Тайланд, Энэтхэгт бусдын гарт амиа алдсан 20 гаруй жуулчны хэрэгт холбоотой гэж үздэг байна. Тэрээр хохирогчдоо мансууруулж, дээрэмдэж, хороохынхоо өмнө өгөөш тавьж өөртөө татдаг байжээ.  

Собхражийг Энэтхэгийн эрх баригчид баривчилж 1976 оноос хойш 20 жилийн хорих ял оноож эдлүүлсэн байна. Тэр хоригдож байх хугацаандаа хорих газрын харуулуудыг их хэмжээний мөнгөөр авлигадаж тансаг өрөөнд ялын хугацаагаа өнгөрүүлжээ. 1986 онд харуулуудыг мансууруулж хэсэг хугацаанд оргосон ч эргэн баригдсан байна. 

Гэмт этгээд Энэтхэгийн хорих газраас 1997 онд суллагдаж Парис руу буцаж, тэндээ амьдарч байгаад 2003 онд Балба руу эргэн иржээ. Түүнийг казиногийн гаднаас баривчилж 2004 онд АНУ-ын 29 настай эмэгтэй, Канадын 26 настай эмэгтэйн амь насыг хороосон хэргээр бүх насаар нь хорих ял оноосон байна.

Өдгөө 78 настай гэмт этгээд өндөр насалсан тул Балбын шүүх суллах шийдвэр гаргажээ. Собхраж хоригдож байхдаа өөрийнхөө өмгөөлөгчийн 44 настай охинтой 2008 онд гэрлэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа