Энэ жилийн зул сарын баяр АНУ-д ойрын 40 жилийн хугацаанд тохиогоогүй хүйтэн, цасан шуургатай зул сар болно гэж цаг уур судлаачид анхааруулж байна. Энэ долоо хоногийн мягмар гарагаас Номхон далайн баруун хойд хэсгээс хүйтэн цаг уурын урсгал ирж баасан гарагт хүчтэй цасан шуурга шуурах ажээ.
АНУ-ын 37 мужийн 90 сая гаруй оршин суугч цаг уурын хүнд нөхцөл байдлаас сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувьд нь агаарын температур 0 хэмээс доошлох төлөвтэй байна. Цаг уурын агентлагийн Эллиот гэж нэрлэсэн өвлийн шуурганы улмаас Мидуэстэд 1980-аад оноос хойш хамгийн хүйтэн зул сар тохиохыг сэрэмжлүүллээ.
Хамгийн нарлаг гэгддэг Флорида мужид ч 30 жилийн хугацаанд хамгийн хүйтэн зул сар болно гэжээ. Цаг уурчид нутгийн зарим хэсгээр энэ долоо хоногийн сүүлчээр дээд тал нь цельсийн -45 хэм хүрч хүйтэрнэ гэж тооцсон байна.
Одоогоор цас ихээр ороод буй Кентакки, Умард Кэролина мужуудад онц байдал зарлаад байгаа юм. Авто зам хөлдөж, баярын өмнө тээвэр зуучлал ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсжээ.
Эх сурвалж: ВВС